Н.Цэрэнбат 2018.12.31 | Яамны хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэндчилгээ дэвшүүлэв

Улиран өнгөрч буй 2018 он байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хувьд ололт, амжилтаар дүүрэн жил байлаа. Бид салбартаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Ногоон паспорт” аян өрнүүлж, байгальд ээлтэй ирээдүй үе бэлтгэхэд хувь нэмрээ оруулж эхэлсэн. Энэхүү санаачилгыг маань олон улсад хүлээн зөвшөөрч, Дэлхийн ногоон байгууллагаас “Байгаль орчны салбарын үндэсний хэмжээний Засаглал 2018”, “Дэлхийн ногоон элч 2018” хэмээх нэр хүндтэй шагнал гардуулсанд баяртай байна. “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд төрийн бус байгууллагууд болон Монголын оюутны холбоо, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссынхонтой хамтран “Цэвэрхэн наадацгаая” аяныг ч амжилттай зохион байгууллаа.

Олон жил ярьсан асуудлыг шийдэхэд зоригтой алхам хийх нь чухал байдаг. Тиймээс 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглох, 3 дугаар сараас эхлэн нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс хасах, импортлохыг хориглох  тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газраар батлуулсан. Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 19 хуулийн давхардал, хийдлийг арилгаж, Байгаль орчны багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх эхлэлийг тавьж, 22 газрыг шинээр тусгай хамгаалалтад авах төсөл боловсруулж, Засгийн газраар батлуулан УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.

Монгол Улсын хөгжлийн гурван тулгуурын нэг болох аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах алхмуудыг ч энэ ондоо багтаан хийсэн. Монгол Улс анх удаа аялал жуулчлалын чиглэлээ албан ёсоор баталж, түүхэнд байгаагүй санхүүжилт буюу 6.2  тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгасан нь аялал жуулчлалын салбарт анхдагч байлаа. Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласантай холбоотойгоор Чингис хаан, жанжин Боорчи нарын тангаргыг мөнхөлсөн “Андлалын өргөө”-ний шавыг Батноров суманд тавьсан зэрэг амжилтаар энэ оноо үдэж байна.

Энэхүү ажлыг хийхэд хамтарч ажилласан хүн бүхэнд баярлалаа, ирж буй ондоо амжилт бүтээлээр дүүрэн, хамт урагшилцгаая. Та бүхний гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд 

  

Н.Цэрэнбат