УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо ажиллав
2019.01.03

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо ажиллав

Энэ оны ажлын эхний өдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Батболд, Н.Мөнхбаяр, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар Цэнхэр, Төвшрүүлэх суманд ажиллалаа.

Өглөө ажил эхлэхтэй зэрэгцэн Цэнхэр сумын удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн байдал болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонслоо. Цэнхэр сумын тухайд энэ оныг сахилга хариуцлагын жил болгосон байна. Өвөлжилтийн хувьд хэвийн, малын хорогдолгүй, оны эцсийн мал тооллогоор 6000 орчим мал тоолуулжээ. Өмнөх жилийнхээс 54 толгойгоор өссөн гэв. Сумын төсөв 40 сая төгрөгөөр давсан ба үүнийгээ хог хаягдлын асуудлыг шийдэх зэрэг байгаль орчны чиглэлд зарцуулахаар төлөвлөжээ. Тус суманд өнгөрөгч 2018 онд сумын ОНХС-гийн нийт 72.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ. 2019 онд ОНХС-д 102.9 сая төгрөг төсөвлөж, хогны машин авах, ундны усны хоёр худаг гаргах, халуун усны засвар хийх, гэрэлтүүлэг, камерын засвар зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн байна.

2019 онд Цэнхэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 хүний суудалтай шинэ соёлын төв барина. Үүнтэй холбоотой ажлууд дээрээ аймаг, сумандаа анхаарч, ажлыг эрт эхлүүлэхийг гишүүн зөвлөлөө. Тус сумын тухайд хүн ам байнга өсч байгаа тус суманд 150 хүүхдийн ортой шинэ хүүхдийн цэцэрлэг барих шаардлага бий болж байгааг аймгийн удирдлагууд хэллээ. Мөн сумын ЭМТ-өөс эмч нарыг компьютертэй болгох хэрэгцээ байгааг гишүүнд уламжилсныг судалж үзэхээ мэдэгдлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн, аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид Цэнхэр сумын Ахмадын өргөөний үйл ажиллагаатай танилцлаа. Ахмадын өргөөг 2018 оны 10 сарын 1-нд нээжээ. Тус сумын 460 гаруй ахмад энэ өргөөнөө ирж, мэдээлэл сонсож, дасгал хөдөлгөөн, нийтийн бүжиг зэрэг олныг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Мөн багийн нэгдсэн төвөөр орж, бусад суманд туршлага болгож болох талаар санал солилцсон юм.

Ажлын хэсгийнхний очсон дараагийн сум Тѳвшрүүлэх байлаа.

Тус сумын Засаг дарга хэлэхдээ “Оны эцсийн мал тооллогоор 161.400 толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 6800 толгойгоор өссөн. 896 өрхийн 3058 хүн амтай. Өнгөрсөн зун Төвшрүүлэх сум 4000 гаруй га-д тариалалт хийсний дотор 3740 га-д үр тариа тариалж, га-гаас 12 цт ургац хураан авсан” гэв. Өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл сонсоход Хөх сүм, Ар хүйтэн, 3-р багууд цас ихтэй, өвөлжилт хүндэрч байгааг сумын удирдлагууд хэлэв. 

Төвшрүүлэх суманд 2019 онд сумын ЗДТГ-ын байрыг шинээр барих учраас үүнтэй холбоотойгоор газрын асуудлаа шийдсэн эсэхийг гишүүн асууж лавлалаа. Сумын удирдлагууд шинэ барилгынхаа 40х50 хэмжээтэй газрыг шийдэж, барилга барихад бэлджээ. Мөн Мянганы замтай хатуу хучилттай замаар холбох хөрөнгө оруулалтын ажил хийх юм байна.

Тус сумын хүн эмнэлэгт ЭХО-ны аппарат, тусгай мэргэжилтний, Хөх сүм багийн эмчийн асуудал дутагдалтай байгааг сумын ЭМТ-ийн дарга хэлж байлаа. Сургуулийн зүгээс шинэ уурын зуухны тогоо тавиулсан бөгөөд одоо үлдэгдэл 14 сая төгрөгийн өртэй байгааг шийдэж өгөхийг гишүүнээс хүслээ. Мөн сургуулийн биеийн тамирын гадаа талбайн тохижилтын зураг, модон хайсыг төмөр хайсаар солих зэрэг сургуулийн 80 жилийн ойтой холбоотой хийх ажлууд дээр дэмжиж өгөхийг сургуулийн захирал хүслээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ "Сумын төвд багийн нэгдсэн төвийг барих хөрөнгийг шийдсэн байгаа. Харин хаана, яаж барихыг аймаг орон нутгийн удирдлагууд, төлөөлөгчтэйгөө ярилцаад шийдэлд хурдан хүр. Ямартай ч он дамжиж болохгүй учраас ажлыг эрт эхлүүлнэ. Багш нарыг компьютержуулах ажил хийж байгаа. Сургуульд проектор, суурин компьютерийн асуудлыг судлаад, шийдвэрлэхийг хичээе. 2020 он гэхэд танай сум төв Мянганы замтай хатуу хучилттай замаар холбогдоно" гэв.

Ажлын хэсэг аймгийн төвийн “Ирээдүй” цогцолбор сургууль, цэцэрлэгийн 6 ангитай өргөтгөл, 2-р сургуулийн хичээлийн шинэ барилга барихтай холбоотойгоор газрын асуудлаа хэрхэн шийдсэн, ажил хэзээ эхлэх талаар газар дээр нь очиж, нөхцөл байдалтай нь танилцав.