Н.Цэрэнбат 2019.01.04 | НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг хуралдлаа

Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд “Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Ерөнхий сайдын орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга С.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, “Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын зөвлөлийн дарга Ж.Ганбаатар нар багтдаг байна.

Хурлын эхэнд “Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрийн хүчин чадал, цаашдын хүчин чадал зэргийн талаар товч танилцууллаа.

Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард Таван толгой түлш ХХК-ийг байгуулсан. Таван толгойн түлш ХХК нь өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн хүчин чадлаараа хоногт 690 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Цаашид үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэх боломжтой гэдгийг мөн тодотгож байв.

Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 8-ны өдөр Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр боллоо. Мөн хурлын үеэр Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Тухайлбал, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дахин хоёр шугамыг шинээр ашиглалтад оруулах, түгээлтийн схем гаргаж, танилцуулах, сайжруулсан түлшээ нөөцлөх агуулах, газар бэлтгэх, санхүү, хөрөнгө оруулалтыг ил тод явуулах, хяналтын нэгдсэн схем төлөвлөгөөг ирэх гуравдугаар сарын 1-ний дотор бэлдэж, танилцуулах, Улаанбаатар хотод нэг жор, нэг стандартын сайжруулсан түлш үйлдвэрлэх эрх зүйн акт гаргах зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.