Ц.Даваасүрэн 2019.01.08 | News.mn

Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхэд ирц хүрнэ

Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхэд ирц хүрнэ

УИХ-ын байнгын хороод ирц хүрэхгүй, үйл ажиллагаа нь тасалдаад сар гаруй хугацаа өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор чөлөөлдөг байх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонслоо.


-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Хуулиараа бол УИХ-ын дарга бол хурал даргалагч. УИХ-ын тогтвортой байдал гэдэг нь УИХ-ын даргын асуудал биш 76 гишүүний асуудал юм. УИХ-ын олонх нь хуралдаа оролцохгүй гэдэг байдал үүсээд байхад УИХ-ын дарга нь ажиллах чадамжгүй болоод байгаа юм.

Ерөнхийлөгчийн хууль бол гарц, тиймээс энэ хуулийг хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа нэг бол УИХ-ын дарга огцор, үгүй бол УИХ тар гэдэг л нөхцөл байдалтай байна. Төрийн үйл ажиллагаа удаан гацаж болохгүй, тиймээс энэ хууль бол гарц, шийдэл гэж харж байна. Үндсэн хууль талаасаа УИХ-ын тарах нөхцөл нь УИХ чадамжгүй болсон үед гэж заасан. Одоо бол УИХ-ын үйл ажиллагаа чадамжгүй болсон гэж харж байна. Цаашдаа бол асуудал хүндэрвэл энэ УИХ тарах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэх үеэр бүлэг, байнгын хороо болон чуулганы хуралдааны ирц хүрэх болов уу?

-Хүрнэ. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулахаар хуралдаа оролцохгүй байгаа 40 гишүүн байгаа шүү дээ.

-Парламентын үйл ажиллагаа сар гаруй хугацаанд гацсан. Намрын чуулган завсарлахад нэг сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд товлосон ажлуудаа хэлэлцэх, эрх баригч нам эвлэрэх боломж үлдсэнгүй юу?

-Энэ бол намын асуудал биш. Нам гэхээс илүү улстөрд шинэтгэл хийх тухай асуудал. Шударга бус зүйлийг цэгцэлж, зарчимтай амьдрах асуудал л ярьж байна. Хэдэн сая, тэрбумаар нь нэг хэсэг нь яриад байж болохгүй шүү дээ. Энийг нам доторх хагарал, эрх мэдэл хуваалцах гэсэн асуудал биш. Улс төрийн тэмцэл шиг харагдуулах гэж оролдож байгаа хүмүүс бас байх шиг байна.

-Сүүлийн үед орд газруудыг төрийн мэдэлд хүчээр авч байна. Энэ нь хөрөнгө оруулалтыг үргээж болзошгүй гэсэн болгоомжлол байгааг судлаачид хэлж байна?

-Бид уул уурхайн баялгийг хэтэрхий эмх замбараагүй олгосоор ирсэн. Үүний л гор нь тулгараад байгаа бэрхшээлийн шалтгаан юм. Хариуцлагатай уул уурхай гэж ярьж байгаагийн чухал нь аль хэсгийг нь ашиглах, аль хэсгийг нь эргэлтэд оруулах вэ гэдэг нь тодорхой байх ёстой.

Гэтэл өнөөдөр нэг хэсэг нь лицензийн асуудлаас болж хэт баяжсан, зарим хүмүүсийн хэлж байгаа шиг бодит байдлууд амьдрал дээр байгаа шүү. Бид жаахан зарчимтай амьдрахгүй бол хэн нэгэн хүч түрж амьдардаг байж болохгүй. Үндсэн хуульд байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг зарчим үйлчлэх ёстой. Уул уурхайг бодлоготойгоор, хариуцлагатайгаар ашиглах ёстой. Хэдийг нь одоо ашиглах, хэдийг нь ирээдүйд ашиглах ёстой гэдгээ тодорхой болгох ёстой юм.

-Энэ жил эрчим хүчний салбарт ямар ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Шинэ оны босгон дээр бид  Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурсан. Түүний дагуу холбогдох гэрээ, контракт байгуулах ажил үргэлжилж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг зээл, Эрдэнэт, Дарханы дулааны станц, Амгалан ДЦС, ТЭЦ-3 зэрэг станцуудын  өргөтгөл барих санхүүжилтийг энэ жил босгоно.

Мөн ТЭЦ-4-ийн дөрвөн блокийг шинэчилж, эрчим хүчийг нэмэгдүүлнэ. Бид энэ оноос эхлэн Оюутолгойг тодорхой хэмжээгээр эрчим хүчээр хангана. Одоогоор 100 хувь дотоодоос хангах боломжгүй бөгөөд эхний ээлжинд тодорхой хувийг нь дотоодоос хангана.

Ш.ЧИМЭГ