Ц.Цогзолмаа 2019.01.08 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.01.08/ хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29 дэх зорилтын 4 дэх хэсэг, УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 68-д Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсруулжээ.

Инновацийн тухай хуульд инновацийн тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд дутуу томьёолсныг дахин, зарим нэр томьёог орхигдуулсныг дахин шинээр томьёолон хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхой болгох, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Засгийн газар батлан мөрдүүлж, хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна.

Гарааны компаниудын хувьд хуульд заасан хөнгөлөлтийг эдлэхээс гадна, олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур санал болгох боломжийг бий болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх инновацийн грант олгох зэргээр төрийн дэмжлэгийг тодорхой, ойлгомжтой болгох, төрийн оролцооны зохистой түвшинг бий болгох асуудлыг мөн тусгасан байна.

Инновацийн тухай хуулийн 16.1-д заасан “Засгийн газрын тусгай сан, венч хөрөнгө оруулалтын компаниас” бусад дэд бүтцүүдийг сэргээх, гарааны компаний бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хамтын оффис, бизнес менежментийн компанийг шинээр нэмж тусгасан аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа асуулт асууж, хариулт авсаны дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.