Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг  сонсов
2019.01.08

Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.01.08/ хуралдаанаар 

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг  сонсов.

Байнгын хорооны тогтоолд заасны дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.

Тухайлбал, 2019 оны төсөвт мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн тухайн оны төсвийн зардлын 50 хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр баталсан байна. Мөн Үнэлгээний төвийн өөрийн орлого бүрдүүлж, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хурлаар оруулан тогтоол гаргуулахаар бэлтгэж буй аж.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээр тусган ажиллаж буйг сайд мэдээлэлдээ дурдсан. Боловсролын тухай хуулийн 40.4.4-д политехник коллеж сургалтын төлбөр авах эрх зүйн орчин бүрдсэн тул 2019 оны 01 дүгээр сард зохион байгуулах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн, үр дүнгийн гэрээ байгуулах уулзалт хийж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас албан мэдээлэл, чиглэл өгөхөөр ажиллаж буйг тэрбээр нэмж хэлсэн.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тус хуулийн 7.1-д дэх хэсэгт “Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна” гэж заасны дагуу багш бэлтгэх, давтан сургах төв ажиллуулах талаар 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бүрт чиглэл өгсөн байна.

Багшийн хөгжлийг дээшлүүлэх ажлын хүрээнд 2018 оны байдлаар давхардсан тоогоор төрөл бүрийн сургалтад нийт 4000 гаруй багшийг сургалтад хамруулан мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн ажилласан хэмээн С.Чинзориг сайд мэдээлсэн. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг бэлтгэх, давтан сургах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор “Багш бүрийг компьютержүүлэх” арга хэмжээг авч 2019 оны хагас жилээр нийлүүлсэн байхаар төлөвлөж, нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж буйг тэрбээр дурдсан.

Үүнээс гадна мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын цалингийн урамшуулал таван хувь байсныг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувь болгон нэмэгдүүлж олгохоор Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа өгч, цалингийн урамшуулалд шаардагдах зардлыг 2019 оны төсөвт тусгуулан батлуулсан гэсэн мэдээллийг өглөө.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, М.Оюунчимэг, А.Ундраа, Ё.Баатарбилэг нар асуулт асууж хариулт авсан юм.