Ё.Баатарбилэг 2019.01.09 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг Лаосын төрийн захиргааны ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг Лаосын төрийн захиргааны ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.01.09/ манай улсад албан томилолтоор ажиллаж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан  Лаос Ард Улсын төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол-Лаосын парламентын бүлгийн даргын хувиар төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв. Мөн нийгэм, эдийн засгийн байдал, бизнес, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар тэмдэглэж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар саналаа хэллээ.

Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурал болж, уг хурлаар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлыг төлөвлөн хийхээр ярилцсан талаар мэдээлэл өгсний зэрэгцээ УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлэг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран хоёр улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалтыг хоёр талдаа зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурьдаад төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.

Лаос Улсын Дотоод хэргийн яамны Төрийн захиргааны хөгжлийн газрын дэд дарга Сенгалун Иготлиушей  энэ үеэр төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгт талархал илэрхийлээд, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрүүл мэнд, Боловсрол, Худалдаа аж үйлдвэр, Байгаль орчны яамдын газрын дэд дарга, мэргэжилтнүүд багтсан байгааг танилцуулав.

Лаосын төлөөлөгчид манай улсын төрийн захиргааны байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудын ажилтай танилцаж, туршлага судлахаар ирсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.