Баасанхүү.О 2019.01.11 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өчигдөр /2018.01.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийг санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Улсын Их Хурлын 40 орчим гишүүн Улсын Их Хурлын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. 

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороо үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулав. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ нар асуулт асууж, тодруулга хийлээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт нар илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар төсөл дэх зохицуулалт парламентын засаглал бүхий ардчилсан Монгол Улсын төрийн дархлааг сулруулах эрсдэл дагуулах магадлалтайг сануулж байв. 

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.