Б.Ундармаа 2019.01.11 | Vip76.mn

Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ үзлээ

Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ үзлээ

Өнөөдөр /2018.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ. Асуудлыг урд шөнө 02 цаг 15 минутанд эхэлсэн чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч шөнө орой болсон учир АН бүлэг 6 цагийн завсарлага авснаар шөнийн хуралдаан тарсан юм. 

Харин өнөөдөр 15:00 цагт чуулганы хуралдаан эхэлж асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс: Монгол Улсын Их Хурлын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын Газраас хяналт тавин ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Ундармааг УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай эсэхийг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.  57 гишүүн оролцсон өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар 82.5 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа бүрэн эрхээ хамгаалж үлдэж байна.