2019.01.11

Х.Нямбаатар: Парламентын үйл ажиллагаа хэвийн явахад хэцүү боллоо

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Асуудлыг урд шөнө хэлэлцэж эхэлсэн бөгөөд эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн асуудлыг хэлэлцсэн юм.

Х.Нямбаатар: Парламентын үйл ажиллагаа хэвийн явахад хэцүү боллоо. АН бүлэггүй боллоо. Манай намын бүлэг тэг дундаараа хуваагдлаа. Чуулганы ирц хүрэхэд хүнд боллоо. Өөр өөрсдийн шаардлага тавьсан асуудлыг хэлэлцэх хуралдаан дээрээ оролцдоггүй механизм бүрдлээ. Байнгын хороодын ирц ойлголцохгүй бол хүрдэггүй боллоо. Үүдэнд самбар дээр УИХ-ыг тараая гэдэг тогтоолын төсөл дээр би сая гарын үсэг зурлаа. Төрийн эрхийг барих дээд байгууллага хэвийн тасралтгүй үргэжилж байж, эдийн засаг болон бусад аж ахуйн салбарын тодорхой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргадаг болж байж үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой. Энэ нөхцөл байдал цаашдаа бүрдэхэд хэцүү боллоо. 

ЖДҮ-гийн зээлтэй холбоотой хэрэг өнгөрсөн 3 саран гаран хугацаанд том асуудал үүсээд явж байна. Энэ асуудал сөхөгдсөнөөр олон зүйл гарч байгаа нь сайн хэрэг.

Цаашид улс төрд нөлөө бүхий этгээдүүд үйл ажиллагаандаа ихэд онцгой анхаарах урьдач нөхцөлийг энэ асуудал бий болголоо. 

Ерөнхий прокурорт хандаж хэлэхэд ЖДҮ-гийн зээлтэй холбоотой бусад хүмүүсийн асуудлыг нэг мөсөн оруулж ирээд, олон түмний эргэлзээг тайлж, талцсан байдлыг нэг талдаа цэгцэлмээр байна. Мөн хэд хэдэн гишүүдийн хэлсэн нийгэмд дуулиан тарьсан олон хэргүүд ил тод болоод явмаар байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх асуудлыг ярих хэрэгтэй байна.