Улаан.Ч 2019.01.11 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо

Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.

Тэрээр, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн өргөн мэдүүлсэн хэмээлээ. 

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэлээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь томилохыг дэмжсэн хэмээн Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулсан юм.

Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.