Ц.Даваасүрэн 2019.01.14 | Zaluu.com

Ц.Даваасүрэн: Консерциум задарч V цахилгаан станцыг барих боломжгүй байдал үүссэн

Ц.Даваасүрэн: Консерциум задарч V цахилгаан станцыг барих боломжгүй байдал үүссэн

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ эхэнд тэд 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласнаа дуулгалаа.  

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглаж асуудлаа шийддэг болсон энэ үед бид ч бас энэ системийг дагах ёстой. Ингэснээр олон асуудлыг шийдэж болно. Мэдээж энэ жишгийн дагуу эрчим хүчний системдээ дэлхийн нийтийн ашиглаж буй ололт дэвшлийг нэвтрүүлэхэд хамгийн сайн программист, техникийн шилдэг инженерүүд оролцоно. 2019 он бол эрчим хүчний системээ ухаалаг эрчим хүчний систем болгоно. Үүнд манай салбарын бүх байгууллага оролцох болно. 

Цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэх төхөөрөмжүүд тавина. Ингэснээр осол, саатал эрс багасна. Тухайлбал, ОХУ-тай хамтраад турбин генераторуудад ухаалаг систем суурилуулахаар болж байна. Одоогийн байдлаар төлөвлөгөөгөө гаргасан. Харин хэдий хэмжээний мөнгө зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа. Компаниудын төлөөлөн удирдах зөвлөлүүдэд үүрэг өгсөн. Зарцуулах хөрөнгийн хэмжээг гаргана.

Консерциум задарсан учир V цахилгаан станцыг барих боломжгүй байдал үүссэн. Тиймээс одоо байгаа цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Тухайлбал, II цахилгаан станцыг 350мВТ-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр ТЭЗҮ-г бэлэн болгосон.

Эрчим хүчний шөнийн тарифийн хөнгөлөлт 2019-2020 онд үргэлжилнэ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдсэн. Ажил нь эхлнэ. Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны байдлаас болоод удааширч байгаа.

Таван шар, нэгдүгээр хорооллын арын, Баянхошуу, Шархадны орчмын 42,000 айлыг хамарсан шугам сүлжээний ажил хийгдэж байгаа" гэлээ. 

Б.Аз