Ц.Даваасүрэн 2019.01.14 | Ikon.mn

"I, III хорооллын ар тал, Дарь-Эх, Шархад зэрэг байршлын 42,000 айлыг 4 кВт-ын халаагуурт залгах өргөтгөл хийгдэж байна"

"I, III хорооллын ар тал, Дарь-Эх, Шархад зэрэг байршлын 42,000 айлыг 4 кВт-ын халаагуурт залгах өргөтгөл хийгдэж байна"

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон эрчим хүчний салбарынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахад ямар ажлыг хийж байна вэ?

-Манай яам агаарын бохирдол бууруулахад хоёр арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тодруулбал, нийслэл хотын 42,000 айл өрхөд 4 кВт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлнэ. Тэгэхээр хамгийн дэвшилтэт, эдийн засгийн үр ашигтай халаагуур ажиллуулах боломжтой болох юм. 

Мөн түлшний асуудал манай яамны харьяанд байдаг. Энэ хүрээнд жилдээ 250 мянган тонн түл үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Үүнийг жилд 600 мянган тонн шахмал үйлдвэрлэх хүчин чадалтай болгохоор хоёр шугамаар өргөтгөх ажлыг ойрын хугацаанд хийнэ. Ирэх оны өвөл гэхэд нийслэлийн гэр хорооллын айлуудад шаардлагатай байгаа шахмал түлшийг нийлүүлнэ. 

-Импортын эрчим хүчний хэмжээг багасгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулъя?

-Манай улс хоёр хөршөөсөө импортоор эрчим хүч авдаг. Хамгийн том импортын хэрэглэгч нь Оюу Толгой, мөн ОХУ-аас эрчим хүч импортолж байна. Үүнийг бууруулах чиглэл барьж байгаа. Өмнөх оны төгсгөлд Оюу Толгойг дотоодын эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Үүний тулд эх үүсвэрээ бүрдүүлэх шаардлагатай. 

Станцуудаа өргөтгөх ажил хийгдэж байна. Эрдэнэт, Дарханы цахилгаан станцыг 40 мВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлсэн. ТЭЦ-IV-ийн дөрвөн генераторын хүчин чадлыг нэмэгдүүлэх ингэснээр 90 мВт-ын шинэ хүчин чадлыг бий болгох ажил эхэлсэн. Ойрын хугацаанд ТЭЦ-III-ын хүчин чадлыг 75 мВт-аар өргөтгөх, Амгалангийн станцыг цахилгаан станц болгох, 50 мВт-аар өсгөх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр импортын эрчим хүчийг багасгах, орлох боломж бүрдэх юм. 2023 он гэхэд Оюу Толгойн импортын хэрэгцээг дотоодоос бүрэн хангана 

-V цахилгаан станц барих асуудал юу болсон бэ?

-2017 оны арваннэгдүгээр сард V станцын хөрөнгө оруулагч консерциум задарсан. Тиймээс V цахилгаан станцын хувьд боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс одоо байгаа станцуудынхаа хүчин чадлыг нэмье гэж байгаа. Дунд хугацаандаа Дулааны II цахилгаан станцыг 300 мВт-ын хүчин чадалтай болгох зорилготой байгаа. 

Шөнийн тарифын хөнгөлөлт цаашид үргэлжилнэ

-Шөнийн хөнгөлөлт хэр тогтвортой үргэлжлэх вэ. Шахмал түлшийг нийлүүлснээр агаарын бохирдол их хэмжээгээр буурна гэж үзэж байгаа. Тэгэхээр тарифын хөнгөлөлтийг зогсоох уу, завхар үргэлжлүүлэх үү?

-Шахмал түлшийг нийлүүлснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж үзэж байгаа. Лабораторийн туршилтаар 70 хувь бууруулж байгаа. Гэхдээ 200 мянган зуухыг бүгдийг нь хянахад хүндрэлтэй учир эрсдэлээ тооцоод 50 хувь гэж байгаа. Тарифын хөнгөлөлт цаашид ч үргэлжилнэ. 

-Шөнийн тариф тэглэхгүй байна гэсэн гомдол байна. Мөн халаагуураа аваад суурилуулах гэхээр хүчин чадал нь хүрэлцэхгүй байна гэдэг асуудал гарч байгаа?

-Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: Монгол Улсын Засгийн газраас жилд  9.2 тэрбум төгрөгийг төсөвлөн 130 орчим мянган айл өрх хамруулж байна. Энэхүү хөнгөлөлтөд хоёр тарифтай тоолууртай айл л хамрагдана. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 42,000 айл 4 кВт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлсэн талаар асууж байх шиг байна. Үүнийг хамрагдах байршлын тухайд анх хэрэгжүүлж эхлэхдээ хотын А бүс гэж тодорхой заасан. Тодруулбал, Таван шараас I хорооллын ар тал, III, IV хорооллын ар тал, телевиз, Долоон буудал, Дарь Эх, Шархадны тодорхой хэсэг гэх мэтчилэн 42,000 мянган айлыг хамарсан шугам сүлжээний өргөтгөл явагдаж байна. 

Эрчим хүчний салбар 20 гаруй тэрбумын алдагдалтай ажиллаж байна

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа. Цаашид алдагдалтай ажилласан хэвээр байх уу, эсвэл хэрхэх вэ?

-Манай системийн хүндрэлтэй асуудал нь энэ. Үйлдвэрлэж буй эрчим хүчний үнэ нь борлуулж байгаагаасаа давсан. Манай систем 20 гаруй тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Түлш шатахуунаас өөр тоног төхөөрөмжийг гаднаас импортолдог. Валютын ханшийн өсөлтөөс болоод алдагдал ихэссэн. Тиймээс тариф дээр эргэж харах нөхцөл үүссэн.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: Үндсэн тариф 2015 оноос хойш хөдлөөгүй. Зөвхөн дэмжих тариф нэг удаа өссөн. Гэхдээ хэрэглэгчдэд ачаалал үүсгэхгүйгээр хөдлөх бодлогын асуудлыг боловсруулж байна.

Газрын асуудал нийслэлийн хүрээнд эрчим хүчний ажил хийхэд саад болдог

-Дэд станц барих тухай тодруулмаар байна?

-Их тойруу дэд станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Гэвч иргэд болон байгаль орчны асуудалтай холбоотойгоор зогссон.

Ажил хийх гэхээр газрын асуудлаар маргаан их үүсдэг. Тухайлбал, Хүчит шонхор захын орчимд шарилын асуудлаас болоод 8,000 орчим айлд 4 кВт-ын халаагуур залгах боломж бүрдүүлэх ажил 2-3 сараар саатсан. Тиймээс газар чөлөөлөх тухай асуудал нь нийслэлийн хэмжээнд эрчим хүчний ажил хийхэд саад болж байна.  

-Хэрэглээ цаашид ч нэмэгдэнэ. Эх үүсвэрийн асуудлаа яах вэ?

-Манай эрчим хүчний систем бол бие даасан систем биш. Системийн аюулгүй ажиллагааны зохицуулалтыг ОХУ-тай 220 кВт-ын шугамаар холбогдож хийдэг. 
Цаашид эрчим хүчний системээ бие даасан, найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр зарим томоохон асуудлыг шийдэх ёстой. Жишээлбэл, усан цахилгаан станц. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалт шийдэгдсэн. Энэ онд бүтээн байгуулалт эхлэх байх. Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчныхоо асуудалтай холбоотойгоор удааширсан. Энэ хийгдвэл манай системийн бие даасан байдал бүрэн хангагдаж эхэлнэ.