Н.Амарзаяа 2019.01.15 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах үндсэн асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах үндсэн асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ

“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганы  /2019.01.15/ үдээс хойших хуралдаан “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах үндсэн асуудлууд” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ.

Илтгэлийг Өмгөөллийн “Эм Ди Эс энд Хаан лекс” ХХН-ийн гишүүн Ж.Майзориг танилцуулсан юм.

Өмгөөллийн “Эм Ди Эс энд Хаан лекс” ХХН нь “Монгол Улсын төлөөллийн байгууллагын бэхжүүлэх нь” төсөлтэй байгуулсан “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу “Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж.

2006 оноос хойш Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүний 11 нь тусгайлсан хуулийг дагаж орсон өөрчлөлтүүд байгаа нь хуулийн анхны үзэл баримтлыг алдагдуулах, хууль тогтоогчийн үзэл санаа, зорилгыг гажуудуулж, хуулийг тогтворгүй болгож байна хэмээн тэрбээр илтгэлийнхээ эхэнд дурдсан.

Тиймээс шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөлд зарчмын шинжтэй суурь асуудал болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үйл ажиллагаа, дотоод удирдлагатай холбоотой харилцааг үлдээж салбарын шинжтэй асуудлыг тухайн салбарын хуульд тусгахаар боловсруулж буй аж.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг одоогийн мөрдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн тодорхойлж чадаагүйгээс тухайн чиг үүргийг хуулиар тусгайлан олгосон уу эсвэл төрөөс шилжүүлсэн үү гэдгийг тодорхойлох боломжгүй болсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндсийг зайлшгүй бэхжүүлэх шаардлагатай байна хэмээсэн.

Тиймээс “нутгийн өөрөө удирдах ёс”, “төрийн удирдлага”-ын ойлголтыг нарийвчлан тодорхойлох, цаашилбал, үүнтэй уялдуулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж буй аж.

Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн орлого, зарлага, өмч, татаастай холбоотой суурь харилцааг энэ хуулиар зохицуулах шаардлага бий болоод байгааг ч онцолсон.

Түүнчлэн өнөөгийн мөрдөж буй хуульд ижил чиг үүргийг нутгийн захиргааны байгууллагад нийтлэг байдлаар харъяалуулж байгаа байдал нь чиг үүргийн давхардлыг бий болгож байгаа бөгөөд салбарын шинжтэй, ялангуяа Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой нарийвчилсан асуудлыг хуулийн төслөөс хасах, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг давхардуулахгүйгээр хуваарилахаар тусгаснаар асуудлыг шийдэх боломжтой хэмээн харж буй ажээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тусгай чиг үүргийг аймаг, сум, баг, дүүрэг, хороодоор тодорхойлжээ.

Мөн эдийн засгийн үндэс-зарлага, өмчтэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Тухайлбал, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгийг бий болгох, барилга угсралттай холбоотой зардлыг  улсын төсвөөс санхүүжүүлэхээр, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай өмчийн хөрөнгийн зардлын 70 хувийг улсын төсөв, үлдэх 30 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад өмчийн хөрөнгийн зардлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой урсгал зардлын 95 хувийг улсын төсөв, үлдэх 5 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс санхүүжүүлж, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот нь энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай өмчтэй байхаар шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.

Удирдлагын зарчмын тухайд төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулах, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, Монгол Улсын нэгдмэл байдал, үндэсний эв нэгдлийг хангах хэмээн тодорхойлсон байна.

Мөн хуульд тухайлан заагаагүй боловч гадаад харилцаа, батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн бус асуудлаар бие даан шийдвэр гаргах, гадаад улстай бие даан харилцах, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Энэ заалт тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гадаад улсын ижил түвшний засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй нийгэм, эдийн засаг, соёлын асуудлаар шууд харилцахад саад болохгүй хэмээн тодорхойлсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан чуулганд оролцогчид асуулт асууж, саналаа илэрхийлсэн.

Тухайлбал аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар бүсийн нэмэгдлийн асуудлыг даруй шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Улсын хил орчим амьдардаг иргэдэд бүсийн нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэснээр нийслэл рүү чиглэж буй төвлөрөлийг сааруулж, хязгаар нутаг эзгүйрэхэд хүрээд буй асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээсэн. Түүнчлэн нэгжийн дахин хуваарилалтад болгоомжтой хандах, нутгийн удирдлагын тогтолцоог нухацтай ярилцах, сумын ИТХ-ын даргад тавигдах шаардлагыг өндөрсгөх, насны хязгаар тавих, аймаг, орон нутгийн төсвийн орлогын тодорхой хувийг орон нутагт үлдээдэг болох зэрэг асуудлыг хөндсөн.

Ингээд үдээс хойших хуралдаанаар чуулганд оролцогчид дөрвөн салбар хуралдааныг хийж хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Маргаашийн хуралдаанаар өмнө хэлэлцэгдсэн илтгэл болон яригдсан асуудлыг нэгтгэн дүгнэж, санал зөвлөмжөө нэгтгэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.