НББСШУБХорооны дарга Ё.Баатарбилэг Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы салбар хуралдаанд үг хэлэв
2019.01.17

НББСШУБХорооны дарга Ё.Баатарбилэг Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы салбар хуралдаанд үг хэлэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны нэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо чуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 27 чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаануудад оролцов. 

    Хуралдаанд оролцогчид тус бүсэд болсон хоёр Солонгосын болон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний түүхэн уулзалтууд нь Ази төдийгүй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсныг дурдаад, Ази, Номхон далайн бүсийн дэлхийн эдийн засагт дарах жин ч мөн жил ирэх тутам нэмэгдсэн хэвээр байгааг онцолсон.

    Эерэг үр дүнгийн хажуугаар зөрчил, мөргөлдөөн, терроризм, хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах болон үндэстэн дамнасан гэмт хэргүүдээс үүдсэн аюул заналхийлэл ч мөн оршсоор байгааг, эдгээрт даяаршил, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тархалт ихээхэн нөлөөлж байгааг анхааруулав. Асуудлыг шийдвэрлэхэд парламентууд салбар хоорондын уялдааг хангасан нэгдсэн, цогц бүсийн хэмжээний төсөл, хөтөлбөр баталж, хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрэх дээр талууд санал нэгдсэн. 

    Орон нутагт ажлын байр нэмэгдэж, гадаадад цагаачлах явдал буурахад эерэг нөлөөтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх асуудалд парламентууд онцгой анхаарч, холбогдох хууль тогтоомжийг сайжруулахыг мөн зөвлөмжилсөн.   

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Улс төр, аюулгүй байдлын салбар хуралдаанаар хөндсөн цахим аюулгүй байдлын асуудлаар үг хэлсэн. Тэрбээр үгэндээ цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар баримталж буй Монгол Улсын бодлого, шинэчлэгдсэн хууль тогтоомж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал парламентад байгуулагдсан Цахим бодлогын түр хороо, цахим орчны зүй зохистой агуулгыг дэмжих, цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлыг тэргүүлэх чиглэл болгох зорилгоор Фэйсбүүк компанитай байгуулсан гэрээ гэх мэтийн талаар онцолж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаас мөн танилцуулав.