Номтойбаяр.Н З.Нарантуяа 2019.01.17 | Vip76.mn

ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулахыг дэмжсэнгүй

ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулахыг дэмжсэнгүй

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцууллаа. 

Нийгмийн зорилтот бүлэг тэр дундаа ЖДҮ эрхлэгчийн үй ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан хөнгөлөлттэй нөхцлөөр олгодог зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтны өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудал тодорхой баримт, нотолгоотой болоод удаж байна. Гэтэл энэ асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн төдийхнөөр хариуцлагын асуудал хязгаарлагдсан. Засгийн газар тэр дундаа Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ЖДҮ-г хөгжүүлэх сан болон бусад сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэх боловч тодорхой үр дүн гараагүй байна. Ёс зүйн хариуцлага хүлээж байгаа албан тушаалтан огтхон ч байхгүй байна. Үүнд олон нийт илтэд шүүмжлэүлтэй хандаж, буруутай этгээдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг УИХ-аас шаардаж байна. 

Түүнчлэн асуудалд холбогдсон Засгийн газар өөрийгөө шалгаж байгаа, эрх мэдэл өндөр албан тушаалтан уг хэрэгт холбогдсон зэрэг нь шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлж, үнэн зөв бодит мэдээлэл гарна гэдэгт олон нийт итгэхгүй байна. 

Саяхан ч УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хүлээж аваагүй нь бухимдал төрүүлж байна. 

Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд бид УИХ-аас хараат бус, бие даасан байдлаар ажиллах түр хороог байгуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг хянан шалгах нь зүйтэй гэж үзэж түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл боловсрууллаа. 

Тогтоолын төслийг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. 

Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа, М.Билэгт нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Эцэст нь хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.