Д.Тогтохсүрэн Н.Амарзаяа 2019.01.17 | Vip76.mn

Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг  шинэчлэн тогтоох тухай 2009 оны 06 дугаар тогтоолоор баталсан ангилал, зэрэглэлийг  үндсэнд нь хэвээр хадгалж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 18.2, 18.7 дахь хэсэгт нийцүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. 

Зарим байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг ангилал, зэрэглэлд нэмж, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг хасч, холбогдох өөрчлөлтийг оруулсан бөгөөд нийт 6 байгууллагын 11 албан тушаалтныг хасах, 10 байгууллагын 19 албан тушаалыг шинээр нэмэх, зарим байгууллагын алба хэлтсийн дарга нар ижил түвшний чиг үүрэг гүйцэтгэдэг атлаа өөр өөр ангилал, зэрэглэлтэй байгааг жигдлэн тусгасан.

Тогтоолын төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. 

Байнгын хорооноос тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авлаа. 

Үүний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.