Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журмыг батлах тогтоолын төслийг хэлэлцэв
2019.01.17

Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журмыг батлах тогтоолын төслийг хэлэлцэв

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл УИХ-ын 2003 оны 14-р тогтоолоор батлагдсан төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдон гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. 

Журмын төслийг боловсруулах явцад төрийн албаны зөвлөлд 2014-2017 оны хооронд төрийн албан хаагчид болон иргэдээс ирүүлсэн 2282 өргөдөл, гомдол, шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох судалгаа мэдээллийг авч, дүн шинжилгээ хийжээ. 

Тогтоолын төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авлаа. 

Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.