Г.Занданшатар С.Бямбацогт 2019.01.17 | Vip76.mn

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, түүний нэмэгдэл олгох журмыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, түүний нэмэгдэл олгох журмыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, түүний нэмэгдэл олгох журмыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасан холбогдох дүрэм, журам шийдвэрийг боловсруулж өөрчлөх, шинэчлэн батлах, хүчингүй болгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. 

Төрийн албаны тухай хуулийн 21.4-т хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтооно гэж заасны дагуу журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл түүний хавсралт төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын төслийг Төрийн албаны зөвлөл шинээр боловсруулан ЗГХЭГ-т ирүүлсэн. 

Засгийн газраас Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, түүний нэмэгдэл олгох журмыг батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Журмын төсөлд төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг шинээр олгох, ахиулан олгох, хэвээр хадгалах, олгохгүй байх, албан тушаалын зэрэг дэвийг хэрэглэх талаар шинэчлэн зохицуулж, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг олгох, ахиулах олгох саналыг гаргах албан тушаалтныг тодорхой зааж, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг зарим зэрэглэл хооронд 1 хувь байсныг 2 хувь болгон өсгөхөөр тусгасан байна. 

Тогтоолын төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тус байнгын хорооноос тогтоолын төслийг дэмжжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Н.Амарзаяа, Ц.Нямдорж нар асуулт асууж, хариулт авав. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.