М.Билэгт Ганбаатар.Ж 2019.01.18 | Vip76.mn

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Өнөөдөр /2019.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар 2018 оны 11 сарын 21-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцууллаа. 

УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

    Дээрх хуулийн өөрчлөлтийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагийн зэрэгцээ шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэллээ.

Хуулийн төслийг НББСШУ-ны байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа. Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 80 хувь нь дэмжлээ.