С.Чинзориг: Тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байна
2019.01.18

С.Чинзориг: Тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээр боллоо. Цалин хөлсний нэмэгдэлд нийт хичнээн төгрөг төсөвт тусгасан бэ?

-Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг ард иргэддээ хүртээх нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж байгаа. Энэ жил эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр гарч, төсвийг орлого давж биелж байна. Эдийн засгийн энэ нааштай өөрчлөлтүүдийг авч үзээд цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан. 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд шаардлагатай байгаа эх үүсвэрийг тусгасан. нийтдээ 267 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа. нөгөө талаасаа Үйлдвэрчний эвлэл гэх зэрэг байгууллагуудтай уулзаж нэмэлт хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн үед нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлнэ, цалин нэмэгдүүлэхэд шаардлагатай 266 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгана гэсэн амлалтыг авсан. уг гэрээнийхээ үүргийн дагуу эх үүсвэрээ тусгаад, цалин нэмэх шийдвэрээ гаргалаа. ер нь бол 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин нэмэгдэлгүй ирсэн. Тиймдээ ч цалин нэмэгдүүлэх шаардлага байсан гэдгийг иргэд маань мэдэж байгаа. өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Үүнээс өөр цалин нэмэх арга хэмжээ авагдаагүй байсан гэсэн үг. Харин энэ удаад бүх буюу 191 мянган төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж найман хувиар нэмэгдүүлж байна.

-Төрийн албан хаагчдын цалинг харилцан адилгүй нэмсэн гэх гомдол байдаг. Энэ асуудал шийдэгдэх үү?

-Цалин нэмэхэд хоёр зарчим баримталж байгаа. Нэгдүгээрт, инфляцийн түвшинд уялдуулж байгаа юм. хоёрдугаарт, өмнө нь найман хувиар цалин нэмэх үед нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлж байна. ажил, албан тушаалын цалингийн ялгаа, зөрүү үүссэн байсныг засаж байгаа гэж хэлж болно. Мөн 2014 онд цалинг нэмэгдүүлэхдээ багш, эмч нарын цалингийн хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн гэдэг асуудлыг боловсролын салбарынхан маань их ярьдаг. Энэ удаагийнхаар ч гэсэн уг зөрүүг арилгахаар тооцсон. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт ажиллагсдын цалинг 12.3 хувиар нэмж байгаа.

Төрийн үйлчилгээний тэр дундаа багш, эмч нарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээг давхар авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд судалгаа хийсэн. уг судалгааг үндэслэж ажлын ачаалал, ур чадвар, хариуцлагаасаа хамаарч цалин авдаг байх тогтолцоог бүрдүүлье гэж бид зорьсон. ингээд хамгийн их ачаалал, ур чадвар шаарддаг бага ангийн багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын ангилал, зэрэглэлийг шинэчилсэн. Энэ удаад ч гэсэн цалинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ багш, эмч нарын ажлын байрны нөхцөлд хийсэн судалгааг үндэслэж ангилал зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээ авсан. Үүний хүрээнд багш, эмч нарын ангилал, зэрэглэл нэгээс хоёр шат нэмэгдэж байна. ингэснээр багш, эмч нарын цалин 20 хувиар нэмэгдэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дундаж цалин хэд болж өсч байгаа вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянган төгрөг байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дундаж цалин 916 мянган төгрөг болж нэмэгдсэн. Энэ удаагийн Засгийн газар байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байгаа боловч төрийн албан хаагчдын цалинг хоёр удаа нэмэгдүүллээ. хоёр удаагийн нэмэгдэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тооцоод үзвэл төрийн албан хаагчдын цалин хамгийн багадаа 16 хувиар, хамгийн өндөр нь буюу багш, эмч нарын цалин 29.6 хувиар тус тус нэмэгджээ. Мөн энэ удаад бүх төрийн албан хаагчдыг оролцуулж цалин нэмж байгаа нь онцлог юм.

-Тэтгэвэрийг хичнээн хувиар нэмэхээр шийдвэрлэсэн бол?

-Нийгмийн даатгалын сан, Халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Улсын төсөвт Нийгмийн даатгалын санд тэтгэвэр нэмэгдүүлэхэд олгох 119.5 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 408.3 мянган хүн бий. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 240 мянган төгрөг байна. Засгийн газар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтсон. Нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн олонх нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 280 мянган төгрөг авч байна. Тиймээс бүрэн тэтгэврийн доод хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 270 мянгад хүргэх шийдвэр гаргалаа. Бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг мөн 24 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ арга хэмжээний дүнд Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байна гэсэн тооцоо гарсан.

-Халамжийн тэтгэвэр ч нэмэгдэж байгаа гэж ойлгосон. Хэдэн төгрөгөөр нэмэх вэ?

-Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. “Төрөөс зайлшгүй халамж үзүүлэх, анхаарал тавих ёстой иргэдэд олгож буй халамжийн тэтгэвэр бага байна. Тиймээс зайлшгүй нэмэгдүүлэх ёстой” гэсэн чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс баримталж байгаа. Ялангуяа амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд амьдралаа хэвийн авч явах боломж бүрдүүлэхэд уг тэтгэвэр хүрэлцэхгүй байна гэсэн шахалт шаардлагыг тавьдаг. Ерөнхий сайдаас өгч байгаа чиглэлийн дагуу энэ жил халамжийн тэтгэврийн нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулна гэж үзээгүй. Харин амьжиргааны доод түвшинд хүргэх ёстой гэсэн чиглэлээр Засгийн газар ажилласан. Ямартаа ч халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай 21 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Үүний дагуу халамжийн тэтгэврийг ирэх сарын нэгнээс нэмнэ. Амьжиргааны түвшний зүүн бүсийн доод түвшинд хүргэж нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр халамжийн тэтгэвэр 155 мянгаас 174 мянган төгрөг болох юм.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай шийдвэр гаргасан. Засгийн газраас залуучуудыг их, дээд сургуульд сургая гэхээс илүү өөртөө ур чадвар бий болгох мэргэжилтэй болоход нь дэмжлэг үзүүлэх нь ажилгүйдлийг бууруулах үндсэн арга гэж үзэж байгаа. Тиймдээ ч МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад нэгдүгээр сарын нэгнээс сар тутам 100 мянган төгрөгийг олгож байхаар шийдвэрлэсэн. Өмнө нь бид 45-70 мянган төгрөг олгож байсан бол 100 мянган төгрөг болж нэмэгдүүллээ. Дадлагын болон танхимын ирц 75 хувиас дээш байгаа тохиолдолд 100 хувь олгох болно. Мөн өмнө нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа 24 хүртэлх насны залуучуудад уг тэтгэлгийг олгодог байв. Энэ удаад бол насаар нь хязгаарлахгүй. Учир нь Үндсэн хууль зөрчсөн явдал гэж харсан. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 24-өөс дээш насныхан ирж суралцан мэргэжил эзэмших нь олонтаа. Насны хязгаарлалтыг өөрчилснөөр тэдгээр суралцагчдыг ч дэмжиж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм. Хэрвээ насаар хязгаарлавал 26 мянга орчим залуус тэтгэлэг авна. Саяын шийдвэр гарснаар Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг 38 мянган оюутан сар бүр 100 мянган төгрөг авна.

Мөн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш нарт үр дүнгийн сарын урамшуулал нь таван хувь байсныг 10 болгож өөрчилсөн. Энэ нь тус байгууллагад ажиллаж байгаа багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулах чухал арга хэмжээ болсон гэж үзэж байна. Энэ жил Багшийн хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа. Манай яамны зүгээс ч тэр мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад ажиллаж байгаа багш нарын хөгжлийг дэмжих жил болгосон. Манай салбарт 1200 орчим багш бий. Эдгээр багш нарыг энэ ондоо багтааж техник хэрэгсэл, иж бүрэн компьютерээр хангах арга хэмжээ авч байгаа. Үүний хүрээнд багш нарын нийгмийн баталгаа нь сайжрах, суралцагчдын болон ажиллах багш нарын тоо нэмэгдэх, мөн улс орныхоо ажиллах хүчийг дотоодын нөөцөөрөө бүрэн хангах боломж бололцоо нь бүрдэнэ гэж үзэж байна.

-Цалин, тэтгэврийг нэмсээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий, инфляци өсөх вий гэсэн болгоомжлол байдаг. Засгийн газрын зүгээс инфляцитай уялдуулж цалин, тэтгэврийг нэмж байгаа гэж байна. Тэгэхээр инфляци өсөх эрсдэл төдий чинээ бага байна гэж ойлгож болох уу?

-Одоогийн байдлаар инфляцийн түвшин 8.1 хувьтай байна. Засгийн газрын зүгээс инфляцийн түвшнөөс ихгүйгээр цалин, тэтгэврийг нэмсэн. Тиймдээ ч инфляцийн түвшинг хөөрөгдөх сөрөг нөлөө нь бага гэж харж байна. Нөгөө талаас Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд бензин, шатах тос материалын үнэ зохих хэмжээгээр буурч байна. Энэ арга хэмжээний үр дүнд цалин, тэтгэвэр нэмлээ ч инфляцийн үнэ хөөрөгдөхгүй байх гэж бодож байгаа. Энэ жилийн төсөв, мөнгөний бодлого ч тэр инфляцийг нэг оронтой тоонд буюу найман хувьд барина гэсэн зорилт дэвшүүлсэн. Тиймээс инфляци энэ түвшиндээ л хадгалагдах байх гэж бодож байна.

-Эрх баригч намын дотоод зодоон эцэс болж төрийн үйл ажиллагаа гацаанаас гарахыг хэн хүнгүй хүсч байгаа. Одоогоор зарим байнгын хороодын хурал хэвийн хуралдаад эхэлж байна. УИХ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжилж чадах уу. Хоёр тал зөвшилцөж эв зүйгээ олсон уу?

-Нэг үеэ бодоход өнгөрсөн долоо хоногоос эхлээд байнгын хороодын хуралдаанд гишүүд ороод эхэлсэн. Чуулганы хуралдаан хоёр ч удаа хуралдлаа. Энэ долоо хоногт ч байнгын хороод, чуулганы хуралдааны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг байнгын хороод чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчихлээ. Энэ хуулийн асуудал шийдэгдчих юм бол парламентын гацаа арилж, төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл боломж нь бүрдэх болов уу гэж бодож байна. Гишүүд гадна, дотнох улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж, цэгнээд гацааг арилгая, өргөн барьсан хуулийн асуудлыг шийдээд төрийн ажлыг жигдрүүлье гэсэн ойлголцол нэлээд ойртоод явж байна. Ийм нөхцөл боломж багагүй нээгдэж байгаа юм болов уу гэж харж байна.