Сансармаа.Т Нармандах.М 2019.01.18 | Засгийн газрын мэдээ

Р.Сансармаа: Гэнэтийн шийдвэр хиам үйлдвэрлэгчдэд цохилт болсон

Р.Сансармаа: Гэнэтийн шийдвэр хиам үйлдвэрлэгчдэд цохилт болсон
Бүтэн жилийн өмнөөс олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-д гахайн мялзан өвчин дэгдэх магадлалтайг анхааруулж байсан.

Төр хойрго хандсанаас болж бизнес эрхлэгчид хохиров

Халдвартай гахайн мах идсэн хүн мялзан өвчин тусахгүй

Тиймээс энэ хоригийн улмаас алдаж буй ашиг, орлого нь тэр хэрээр нэмэгдэж буй. Уг нь бүтэн жилийн өмнөөс олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-д гахайн мялзан өвчин дэгдэх магадлалтайг анхааруулж байсан.

Гэвч үйлдвэрлэгчид, манай албаныхан үүнээс урьтаж арга хэмжээ аваагүй учраас ийнхүү бизнесийнхэн алдагдал хүлээж байна.

Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх “Энэ өвчин урд хөршид гарсан болохоор манай улсад бүртгэгдэх магадлал өндөр байсан учир холбогдох байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргүүлсэн” хэмээн тайлбарлав.

Африкийн гахайн мялзан өвчин Монгол улсад анх удаа гарч байгаа аж. өмнө нь манай улсад гахайн сонгомол мялзан өвчин дэгдэж байсан. Харин энэ удаагийнх өмнө нь гарч байгаагүй шинэ төрлийнх юм байна. Африкийн гахайн мялзан өвчний халдвар шууд хавьтлаар болон түүхий гахайн мах, дутуу болгосон гахайн махаар дамждаг аж. Үүгээр гахай өвчилбөл төрөлдөө асар их хор хөнөөлтэй. Нэгэнт халдвар авсан тохиолдолд зориудаар устгахаас өөр аргагүй болдог байна.

Гэхдээ таван хошуу малд халдахгүй, хүнд ямар нэгэн хор хөнөөл байхгүй. Гахайнаас гахайнд, хүнээс гахайнд халдварладаг. Энэ өвчнөөр зэрлэг гахай болон гэрийн тэжээвэр гахай л өвчилнө. харин уг өвчнийг хүн хувцас, эд хэрэглэлээр тээвэрлэдэг байна. Тодруулбал, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайн дунд халдвар үүсгэдэг. Тиймээс халдвартай гахайн мах идсэн хүн мялзан өвчин тусахгүй, ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх магадалал өндөр.

Ийм байхад дэлгүүрийн лангуун дээрх гахайн мах, махан бүтээгдэхүүний борлуулалтыг хориглох нь хэр зөв арга хэмжээ вэ гэдгийг үйлдвэрлэгчид асууж байлаа.

Нэгэн үйлдвэрлэгч “хилээр оруулж ирсэн гахайн мах, өөх халдвар тараахгүй юм байна гэж мэргэжлийнхний ярианаас ойлгосон. Гэтэл яг борлуулалтын ид үед хориглох нь ямар учиртай юм бол гээд гайхаж байна” хэмээн ярьсан юм.

Өчигдрийн байдлаар уг өвчин Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн таван суманд бүртгэгдсэн бөгөөд нийт 579 гахайг зориудаар устгажээ.

Өвчний эсрэг вакцин байхгүй учраас урьдчилан сэргийлэх био арга хэмжээг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Улсын хэмжээнд 31800 гаруй гахайтай, 17000 нь нийслэлд байдаг.

Тодруулбал, Баян-Өлгий аймгаас бусад аймгууд тодорхой хэмжээний гахайтай. Тиймээс энэ өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд тандалт судалгаа хийж, цаашид ямар арга хэмжээ авах талаар МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран ажиллаж эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд 23 ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд гахайн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байгаа аж.

“Уг ажлын хэсэг хорио тогтоохоос өмнө орж ирсэн болон агуулахад байгаа гахайн махны гарал үүслийг тодорхойлж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бүтээгдэхүүнээс дээж авч, шинжлүүлж байгаа. шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд худалдан борлуулах боломжтой” хэмээн МХЕГ-ын хөдөө аж ахуй, хяналтын хэлтсийн дарга д.Батжаргал ярилаа.

Африкийн гахайн мялзан өвчин хаанаас,юунаас болж гарсныг тогтоохоор Мал эмнэлгийн ерөнхий газраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.

Харин үйлдвэрлэгчид гахайн махан бүтээгдэхүүнээр халдвар дамжихгүй байхад ийм хорио тогтоох шаардлага байсан эсэхэд тодорхой хариулт өгөхийг шаардаж буй.

Түүнчлэн, бүтэн жилийн өмнө урд хөршид гахайн мялзан өвчин дэгдэх нь тодорхой болсон байхад дорвитой арга хэмжээ аваагүй, албан бичиг хүргэх төдийхнээр аргацааж, хойрго хандсан нь үйлдвэрлэгчдийг их хэмжээний алдагдалд хүргэлээ хэмээн шүүмжилж байна.

Ггэхдээ бизнес эрхлэгчид Цагаан сарын оргил үеийг алдалгүйгээр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах зэргээр алдагдлаа нөхөхөөр төлөвлөж эхэлжээ. 

Уг Улсын онцгой комиссоос гахайн мах, өөхний орцтой бүтээгдэхүүний худалдааг зогсоох гэнэтийн шийдвэр мах, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнесийнхэнд хэрхэн нөлөөлж буй талаар “Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаагаас тодрууллаа.

Р.Сансармаа: Гэнэтийн шийдвэр хиам үйлдвэрлэгчдэд цохилт болсон

-Улсын онцгой комисс шийдвэр гаргасан нь мах, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хэр нөлөөлж байна вэ?

-Нэгэнт олон улсад онцгой байдал зарлах өвчин дэгдэж улсын онцгой комиссын шийдвэр гарсан учраас биелүүлэхээс аргагүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас манай компанийн гахайн төрлийн 20 гаруй тонн түүхий эдийг лацадсан. тэдний зүгээс “Мал эмнэлгийн ерөнхий газарт шинжилгээг нь явуулсан байгаа. хариу нь эерэг гарвал лацыг авч үйлдвэрлэл, борлуулалтыг зөвшөөрнө” гэсэн байдалтай байгаа.

-Тэгэхээр танай энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт зогссон байгаа гэсэн үг үү?

-Гахайн махны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт зогссон. Харин үйлдвэрлэсэн байсан бүтээгдэхүүнээ түгээж байгаа. шинжилгээний хариу гарахгүй удах юм уу, сөрөг гарсан тохиолдолд мэдээж худалдаа ч гэсэн зогсоно.

Үхэр, хонины махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа хэвийн байгаа. Ер нь өнгөрсөн 12 сард гахайн өөхийг хиаман бүтээгдэхүүнд хэрэглэхийг хязгаарласан. 2014 оноос манай импортлогчид БНХАУ-аас гахайн өөх импортолж байгаад өвчин гарсан гэдгээр Польшоос авдаг болсон. Гэвч өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарч тус улсаар өөхийг дамжин өнгөрөөхийг хориглосноор нийлүүлэлт зогссон. Манайх гахайн өөхийг сүүлээр орлуулж эхэлсэн учраас одоогоор заавал гахайн өөх орлуулах талд дутагдалд ороод байгаа юм алга.

-Цагаан сарын өмнө гахайн махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хязгаарласан нь борлуулалтын орлогод хэр нөлөөлөх вэ?

-Цагаан сарын оргил үеийн борлуулалт энгийн улирлынхаас бараг гурав дахин илүү байдаг. Тэр хэрээр байгууллагын орлогод нөлөөлж байгаа. Манай компанийн хувьд гэхэд жилдээ 12 тэрбум төгрөгийн борлуулалт хийдгээс цагаан сарын үеэр 1.9 тэрбум төгрөг буюу жилийн орлогын бараг зургааны нэг хувийг олдог.

Гэхдээ бид хэдийгээр ашиг олох зорилготой боловч иргэд, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд илүү ач холбогдол өгч ийм эрсдэлийг үүрэхээс аргагүй болж байна л даа. өнгөрсөн шинэ жилээр хиамны борлуулалт өмнөх оныхоос 30 хувиар буурсан. энэ цагаан сараар бүр 50 хувьд хүрнэ гэж тооцоолж байна. тиймээс бид хиамыг орлож ширээ чимэглэх хонины шарсан гуя, үхрийн хэл зэргийг түлхүү үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.

-Төрийн холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүйгээс бизнес эрхлэгчид эрсдэлд орлоо гэдэгтэй санал нийлэх үү?

-Жилийн өмнөөс л БНХАУ-д энэ төрлийн өвчин гарч, эрсдэл үүсэх магадлалтайг мэдсээр байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь бизнес эрхлэгчдийг хохироосон хариуцлагагүй явдал боллоо. Ер нь манай улсын аль ч салбарт системтэй бодлого алга. Зөвхөн махны импорт гэлтгүй бүх салбарт ийм зүйл ажиглагддаг. Бид гомдоллоод ч нэмэр алга. 2018 оны эхнээс л Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч урьдчилан сэргийлэлт, зохион байгуулалт сайжирсан зүйл бидэнд мэдрэгдэхгүй л байна. үүнээс болж онцгой байдал зарлахад хүргэлээ. энэ нь махан бүтээгдэхүүн тэр дундаа хиам үйлдвэрлэгчдэд цохилт боллоо.

-Хиаман бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үү?

-Үнэ нэмэгдэх нь тодорхой. тэр хэрээр иргэдийн худалдан авалт багасаж энэ төрлийн бизнес эрхлэгчдэд хүндээр тусах байх