С.Чинзориг 2019.01.18 | medee.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо

Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны байранд боллоо. Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2019 оны төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмыг хэлэлцэн баталжээ.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн дарга Б.Баярсайхан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуурхахгүй байх тал дээр нийгэмд нөлөөлсөн нөлөөллийн ажилд энэ онд түлхүү анхаарах хэрэгтэй. БСШУСЯ 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Ёс зүйтэй харилцааны асуудалд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гадуурхахгүй байх асуудал багтаж байгаа. Бид олон зүйл дээр дөрвөн салбартаа төдийгүй, бусад яамаа манлайлан ажиллах болно. Багш нарт хэрхэн харилцах арга зүйг нь сургах үр дүнтэй сургалтууд зохион байгуулна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг” –ийг шалгаруулах тухайд олон нийтэд нөлөөлөх, хандлагыг өөрчлөхөд үр дүнтэй гэж үзэж байна” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн дарга Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2019 онд анхаарах дараах ажлуудыг онцолсон байна. 2019 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах Ази, номхон далайн бүсийн дөрөвдүгээр конгресс”-ийн бэлтгэл ажлыг хангаад байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл, Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах” төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Дэлхийн Хараагүйчүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган, Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Зүүн хойд Азийн бүс нутгийн VIII хурал зэрэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх дэлхий болоод бүсийн чанартай хурал семинарийг зохион байгуулахад төрийн бус байгууллага, холбоодтойгоо манай яам хамтран ажилласныг энд дурдмаар байна. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд манай яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтсан сарын аян”-ыг зохион байгуулж олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний чуулган, аймаг, дүүргийн хүн амын, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбрын удирдлага, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх хэд хэдэн удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил оролцоо, хамгааллын харилцааг зохицуулдаг гол хууль болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг хууль тогтоомжийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

П.УРНАА