С.Мөнхчулуун 2019.01.22 | Зууны мэдээ сонин

С.Мөнхчулууныг батламжлах бичгийг Ерөнхий сайдад өргөн барилаа

С.Мөнхчулууныг батламжлах бичгийг Ерөнхий сайдад өргөн барилаа

НИТХ энэ сарын 16-нд хуралдаж, Хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Тэгвэл өчигдөр НИТХ-ээс Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг хүргүүлжээ. Ерөнхий сайд ажлын 14 хоногт багтан хариуг нь өгөх учиртай. Хуулиараа нэг удаа буцаах эрх У.Хүрэлсүхэд бий. У.Хүрэлсүхийн хувьд С.Мөнхчулуун анхнаасаа түүний захиалсан хүн нь биш. Тиймээс батламжлах уу, үгүй юу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

С.Мөнхчулууныг хотын даргаар сонгохыг хүлээн зөвшөөрөхгүй, НИТХ рүү буцаавал энэ асуудлыг дахин хэлэлцэх ёстой. Ингэхдээ НИТХ өмнө гаргасан шийдвэрээ дахин баталгаажуулж, С.Мөнхчулууныг хотын даргаар сонгосон бичгээ Ерөнхий сайдад илгээвэл батламжлах бичгийг хүлээн авснаас тав хоногийн дотор багтаан хариуг нь өгнө.

НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд өөрчлөх хууль эрхзүйн хүрээнд олгогдсон эрх мэдэл байхгүй тул буулт хийхээс аргагүй байдалд орж болохоор байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёс ярьж, улс төрд шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тэгвэл одоо Нийслэлийн Засаг даргыг батламжлах эсэх асуудал дээр түүний ам, ажлын зөрүүг харж болох юм.

С.Мөнхчулуун нь НИТХ-ын дарга С.Амарсайхантай өрсөлдөж, таван хүний илүү саналаар Хотын даргаар сонгогдсон. Түүний ажлын түүхийг харахад ч энэ албан тушаалд тохирохгүй гэх асуудал байхгүй. Тиймээс У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг батламжлахгүй бол улс төрийн зорилготой гэж харахаас өөрцгүй юм.