A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

С.Эрдэнэ: Бид Ардын намыхны аашийг 20 жил тэвчсэн
2012.09.04

С.Эрдэнэ: Бид Ардын намыхны аашийг 20 жил тэвчсэн

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэ сайд ажлаа юунаас эхлэв. Та нийгмийн даатгалын Ерөнхий газрыг удирдаж байсан учраас энэ салбар шинэ биш байсан байх?
-Яам байгуулагдаад ажлаа эхэлж байна. Яам­ны бүтцэд шинэ агентлаг, бодлогын асуудлууд орж ирж байгаа. Үүнтэй хол­боотойгоор судалж танил­цах ажил ч нэлээд байна. Өнгөрсөн амралтын өд­рүүдэд хүүхдийн амрал­тын бааз болсон олон улсын “Найрамдал” төв, хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
-Танай яаманд шинээр ямар агентлаг нэмэгдэж байна. Мөн татан буугдах агентлаг олон байна уу?
-Хөдөлмөр халамж үйл­чилгээний газар, Нийг­мийн даатгалын ерөнхий газар гэдэг хоёр агентлагтай байсан. Нийг­мийн даатгалын ерөнхий газар үндсэндээ хуучнаа­раа үлдэж, Хөдөлмөр ха­ламж үйлчилгээний газ­рын халамжийн газар үл­дээд Нийгмийн халамж, үйлчилгээний газар гэж байгуулагдаж байна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газар гэдэг шинэ агентлаг манайд хамаарч байна. Манай яамны хувьд хүн амын хөгжлийн бодлогын асуудал гол ажил болж байгаа.
Хүн амын хөгжлийг цогц бодлогоор хөгжүүлэх нь Монголын төдийгүй дэлхий нийтийн хувьд чухалд тооцогдож байна. Тиймээс энэ шинэ салбарт бодлогын баримт бичиг үзэл баримтлалаа боловсруулах, хууль эрх зүйн орчноо шинээр бий болгох зайлшгүй шаардлага байна.
-Өмнөхөөс юугаараа ялгаатай юм бэ?
-Өмнө нь хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд гэж нийгмйин бүлгүүдийг салгаж тус тусад нь ярьдаг байсан бол өнөөдөр нийгмийн бүлгүүдийн хөгжлийн цогц бодлого руу явах зайлшгүй шаардлага тулгасаар байна. Үүний гол суурь нь гэр бүл юм. Ямар ч улс оронд төрийн анхан шатны суурь нь өрх гэр бүл байдаг. Тэгэхээр гэр бүл дотор иж бүрэн цогц асуудал бий. Гэр бүл дотор хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь ч байна. Тэгэхээр хүн залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүдээр нь салгаж үзэх нь бодлогын хувьд цогц биш юм. Ер нь гэр бүлээс ангид хүүхэд, ахмад, эмэгтэйчүүд гэж байхгүй. Жишээ нь хүүхдийн хүмүүжил, залуучуудын соёл боловсрол гэр бүлээс хамаардаг. Тийм учраас гэр бүлээс хамааралгүй нэг ч хүн байхгүй. Хүн амын хөгжлийн цогц бодлого гэдэгт нь шилжилт хөдөлгөөн, нөхөн үржихүйн асуудал, гэр бүлийн бат бэх байх, үнэ цэнийн асуудал гээд олон зүйлийг авч үзэх ёстой.
-Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхдээ сайд нар хамгийн багадаа 12 цагаар ажиллана, гадаад дотоод руу явахыг хязгаарлана, амралтын өдөр ч ажиллана гэх зэр­гээр нэлээд хатуу шаардлага тавьж байгаа. Эдгээрийг та хэр хүлээж авсан бэ. Үндсэндээ амралтгүй ажиллана гэсэн шүү дээ?
-Энэ бол зүй ёсны шаардлага. Сайд гэдгийг эрх мэдэл албан тушаал гэхээс илүү үүрэг хариуцлага гэж ойлгох ёстой. Нэгэнт төрийн өмнө хариуцлага хүлээж албан тушаалд очиж байгаа бол ажлаа л хийх ёстой. Миний хувьд 1989 оноос хойш амралт гэж бараг байгаагүй ирсэн. Улс төрийн ажил бол цаг завгүй байдаг. Өдөрт 12 цаг ажиллах нь миний хувьд ердийн учраас гайхаад, бэргэх зүйл биш л дээ. Манай танхимд байгаа сайд нар ч улс төрд олон жил чанагдсан хүмүүс учраас ачаалал даах ноён нуруутай гэж харж байгаа.
-Засгийн газар бүрдсэн ч дэд сайд нар хараахан томилогдоогүй байна. Сүүлийн үед танай намаас дэд сайдгүй байх тухай яриа гарсан гэх юм. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна. Ер нь дэд сайд байх нь зөв үү?
-Дэд сайд хэрэггүй, хэрэгтэй гэсэн асуудал аль ч төвшинд огт яригдаагүй. Дэд сайд мэдээж үүрэгтэй. Ажлын ачааллаас тодорхой хэмжээнд хөнгөлнө. Харин дэд сайдаар ямар хүмүүсийг тавих вэ гэдгийг одоогоор яриагүй байгаа.
-Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарын 17 нь Их хурлын гишүүн байна гэсэн шүүмжлэлийг сөрөг хүний зүгээс шүүмжилж байгаа. Их хурлын гишүүд голдуу сайд нараар Засгийн газрыг бүрдүүлснийг зөвтгөх ямар шалтгаан байна вэ?

-Зайлшгүй нөхцөл байдал гэж байдаг. Ялангуяа энэ удаагийн парламент их онцлогтой. Олонхигүй, аль нэг нам нь дангаар Засгийн газраа байгуулаад явуулах бо­ломж хомс байсан. Тий­мээс Их хурал, Засгийн газрын хувьд хамгийн гол нь асуудал нь тогтвортой байх. Улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх чадвартай байхын тулд Засгийн газар тогтвортой байх ёстой. Энэ утгаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Их хур­лаас зонхилж байгуулсныг би зөв гэж харж байгаа. Их хурлын гишүүдтэйгээ ойлголцох, хамтарч ажиллах боломж их учраас би шинэ Засгийн газрын бүтцийг буруу гэж харахгүй байгаа.
Өдөрт 12 цаг ажиллах нь миний хувьд ердийн учраас гайхаад, бэргэх зүйл биш л дээ.
Тэгээд ч Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориг­лосон хуулийн заалт аль ч хуульд байхгүй. Цаашдаа хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, ялгааг хуульчилж, зааглаж өгөх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Ийм зохицуулалт хийгдсэний дараа аяндаа шийдэгдэх биз. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байна. Бид нийгэм эдийн засгийн харилцааг цоо шинэ шатанд гаргая, болохгүй бүтэхгүй байгааг өөрчилье гэсэн зорилготой ажиллаж байна. Засгийн газрын ажлын үр дүнг цаг хугацаа аяндаа харуулна. Дөнгөж эхэлж байхад нь хараар буддаг, янз бүрээр хэлдэг, доромжилдог байдлаар асуудалд битгий хандаасай.
-Ардын намын бүлгийн тухайд та хэрхэн дүгнэж байгаа вэ. Ардын намын бүлэг байгуулагдах боломж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг ойлгомжгүй байдал бий болчихлоо?
-Хуулиараа бол Ардын намын бүлэг байхгүй. Яагаад гэвэл Их хурлын Дэгийн тухай хууль, Их хурлын тухай хуульд тодорхой асуудлуудыг журамлаад, хуульчлаад өгчихсөн. Их хуралд бүлэг байгуулж байгаа нам гишүүдийнхээ нэрийг 24 цагийн дотор Их хурлын даргад өргөн барина гэж хуульд бий. Энэ бол Ардчилсан намын саяхан баталсан хууль биш шүү дээ. Харин ч Ардын намынхан олонхи байхдаа цөөнхдөө зориулж баталсан хууль. Цөөнхийг шахаж ажиллуулах гэж өөрсдөө баталчихаад эр­гээд өөрсдөө шаардлагаа биелүүлэхгүй байна гэдэг байж болохгүй асуудал. Хэрэв Ардчилсан нам 24 цагийн дотор бүлгээ байгуулаагүй байсан бол Ардын намынхан өнөөдөр бас л ийм зүйл яриад сууж байх байсан. Тэгэхээр хууль бол хууль. Нэг гарц байж магадгүй. Энэ нь МАН өөрсдөө хууль санаачилж өргөн барьж, тэр хуулийг батлуулвал бүлэгтэй байх боломж байгаа. Харамсалтай нь өөрсдөө тэгэхгүй байгаа.
-МАН-ын гишүүд бус Иргэний зориг намын гишүүн С.Дэмбэрэл санаачлан өргөн барьсан?
-Хаа хамаагүй, өөр намын гишүүдээр хуулиа өргөн бариулаад өөрсдөө ард нь суугаад байх шаардлага байхгүй. Үнэхээр л бүлэгтэй болъё, хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа бол алдаагаа өөрсдөө хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой.
-Өнгөрсөн баасан гаригт болсон үйл явдлыг та юу гэж бодож байгаа вэ. Тантай маргалдсаны дараа У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайхан гишүүнтэй муудалцаж, түүнийг цохиж унагасан?
-Би тэнд хүний зэвүү дургүй хоёр хүргэх юм ерөөсөө хэлээгүй. Би зүй ёсны л юм хэлсэн. Ардын намынхан хуулийн хугацаандаа бүлгээ өргөн бариагүй, хоёрдугаарт, хууль бус шаардлагууд тавьж байгаа. Энэ бол байж болохгүй гэдгийг л хэлсэн. Ер нь тухайн үед МАН төрийн ажлыг хоёрдугаарт тавиад намын ажлаа нэгдүгээрт тавиад гурав, дөрөв хоног хуралдаад алга болсон. Түүнийгээ зүй ёсны юм шиг ярьж болохгүй. Би С.Зориг агсны хэлсэн үгнээс иш татаад тайлбарласан. Манай С.Зориг “Нэгдүгээрт улс орны эрх ашгаа тавь. Хоёрдугаарт улс төрийн намын эрх ашгийг, гуравдугаарт хэсэг бүлгийнхээ эрх ашгийг, дөрөвдүгээрт хувийнхаа эрх ашгийг тавь. Энэ бол эрх ашгийн эрэмбэ юм” гэж хэлсэн байдаг. Гэтэл аль эрх ашгаа МАН-ынхан илүү тавьсан бэ гэдэг нь тодорхой. Монгол төрийн эрх ашгийг хоёрдугаарт тавьчихаад үл тоосон байдалтай намын хурлаа өдөр шөнөгүй хуралдуулаад алга болсон. Тэгчихээд өнөөдөр орж ирээд хууль бусаар хавчлаа, хяхлаа гэж яриад, тэр битгий хэл Их хурлын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэх мэтээр дарамтлаад байж болохгүй. Энэ бол зүй бус асуудал. Би бол нөхцөл байдлыг нь л тодорхойлж хэлсэн.
-Г.Баярсайхан гишүү­нийг цохьсон тухайд?
-Их хуралд хэрэлдэж муудалцаж, янз янзаар бие биеэ хэлэхийг алийг тэр гэх вэ. Өнгөрсөн парламентын түүхэнд тийм муудалцах зүйл зөндөө л байсан. Гэхдээ учир зүггүй парламентын танхимд шууд бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж байсан тохиолдол ховор. Ардын намынхан хоорондоо их зодолддог. У.Хүрэлсүхийн хувьд анхны удаагийнх биш. Э.Мөнх-Очир гишүүний толгой тархийг хагаллаа, зодлоо нүдлээ гээд бөөн юм болсон, Ц.Нямдорж сайд Ж.Сүхбаатар гишүүнийг боож унагасан гээд бөөн юм болсон. Ер нь зодоон нүдээнд их дуртай юм шиг байна. Юм л бол хүний эрх чөлөөнд халдаж байдаг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байж болохгүй.
-Эр хүмүүсийн хувьд байдаг л асуудал. Дэвэргэх хэрэггүй гэх хүмүүс ч байгаа. Ер нь эрчүүдийн хооронд болдог энгийн нэг асуудал гээд орхиж болох уу?
-Эрчүүдийн хооронд байдаг л асуудал гээд хэн дуртайгаа цохиж унагаад байж болохгүй биз дээ. Тэгвэл хууль дүрэм гэж байгаад яах юм.
-Ардын намын гишүүн У.Хүрэлсүх хэлэхдээ манай намынхны тэвчээр барагдлаа гэж тайлбарласан. Тэвчээр барагдах гэдгийг та юу гэж ойлгож байгаа вэ?
-Ямар хямдхан тэвчээр вэ. Их хурал байгуулагдаад хоёр сар ч болоогүй байна. Гэтэл бид Ардын намынхны ааш авирыг 20 жил тэвчиж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэсэн. Тэглээ гээд бид тэвчээр алдлаа гээд Ардын намынхнаас хэн нэгнийг нь авч барьж авч зодож байгаагүй, хэнийг ч янз бүрээр хэлмэгдүүлээгүй. Тэвчээр барагдлаа гээд барьж авч зодоод байна гэдэг байж болох уу. Улс төрийн соёл гэж байх ёстой. Тэвчээр барагдана гэдэг хоёрхон сарын ч асуудал биш. Улс төр гэдэг хэдэн арван жилээр үргэлжилдэг асуудал. Хоёрхон сарын асуудлыг тэвчиж чадахгүй байна гэдэг бол улс төрч хүний чанар биш. Тэгээд ч тэвчээр барагдаад байх асуудал ч болоогүй. Өөрсдөө л хууль бус үйлдэл хийсэн. Өөрсдөө хууль бус үйлдлийнхээ үр дүнд ийм байдалд орж байгаа. Түүнийгээ засах залруулах боломж байгаа гэдгийг Ардчилсан намын зүгээс нэг биш удаа хэлсэн шүү дээ.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэсэг гишүүд санаачлан өрнө бариад удаагүй байна. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулийг холимог хувилбараар явуулахаар хуулийн төсөлд тусгасан. Та дэмжиж байгаа юу. Ардын намын гишүүд мажоритар тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн эсрэг байр суурьтай байгаа?

-Одоогийн өргөн барьсан хуулийн төслийг боломжийн гэж харж байгаа. Ардын намын гишүүдийн сонирхол бол нөгөө л хуучнаараа гараар тоолох сонирхол байгаа. Гараар тоолно гэдэг луйвардана гэсэн үг. Хүний гар хүрч байгаа л бол луйвар орж байдаг. Яагаад гэвэл одоогийн анхан, дунд шатанд дий­лэнх нь Ардын намынхан засаг барьж байгаа. Тэд нөгөө л бүтцээрээ дамжуулаад сонгуулийн үр дүнг будлиантуулах гэж тэгж байгаа юм. Тэгээгүй бол юунаас нь айгаад байгаа юм бэ.
-Холимог тогтолцоо­гоор орон нутгийн сонгуулийг явуулбал орон нутгийн Иргэдийн хурал хэт намчирхсан, улс төржсөн байдалд орно гэж үзэж байгаа юм билээ?
-Бүх шатанд улс төрийн намын оролцоо байгаа. Байхгүй, байлгахгүй гэж худал яриад хэрэггүй л байхгүй юу. Манай орны хувьд засаг захирганы бүх бүтцэд улс төрийн оролцоо орсон. Нэгэнт ил тод зүйлийг үгүйсгээд байх шаардлагагүй. Ер нь цаашдаа орон нутагт улс төрийн оролцоог багасгая гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой.
-Орон нутгийн сонгуулиас өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бий юу?
-Бараг байхгүй дээ. Амжихгүй байх. Гэхдээ орон нутгийн сонгуулиа холимог тогтолцоогоор явуулсан нь дээр.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.