С.Эрдэнэ: 90 мянгаар шимтгэл төлсөн гэж тооцуулах нь том боломж
Хуулийг санаачлагч С.Эрдэнэ
2012.09.05

С.Эрдэнэ: 90 мянгаар шимтгэл төлсөн гэж тооцуулах нь том боломж

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Ажилласан жилд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг баталлаа. Ингээд энэ хуулийг санаачлагч С.Эрдэнээс энэ талаар тодрууллаа.

-Чуулганаар нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хуулийг баталлаа. Энэ хуулийн талаар тайлбарлаач?

-“Ажилласан жилд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” гэх хуулийг өнөөдөр /өчигдөр/ баталлаа.  Энэ хуулийг төслийг бидний хэдэн гишүүд өнгөрөгч парламентад өргөн барьж байсан. Сая анхны хэлэлцүүлгээр батлагдлаа. Энэ хууль хүчин төгөлдөр болсноор 1990-1995, 1995-2000 онд нийгмийн шилжилтийн явцад өөрсдөөс нь үл шалтгаалах замаар ажилгүй болсон гэх нийт 900 гаруй мянган иргэдийн ажилласан жил дээр шимтгэл төлсөн буюу ажилласан жил нь арваар нэмэгдэж байгаа юм. Ингэснээр тэдгээр иргэдийн тэтгэвэр тогтоолгох зэрэгт хууль чухал үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж өглөө. Ерээд онд нийгмийн нэг байгууллага нөгөөгөөр солигдож, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн  энэ цаг үед маш олон үйлдвэр завод татан буугдсан. Судалгаагаар энэ үед 300 гаруй мянган иргэн ажилгүй болсон байдаг юм билээ.  

Тухайн үеийн төр эдгээр иргэдэд ажлын байр гаргаж өгөх, ажилласан жилийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авч чадаагүй. Иймд 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцох хуулийг гаргах шаардлага гарсан юм.

-Яагаад 1990-1995 оны гэж?

1995 оноос Нийгмийн даатгалын шинэ хууль, нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсон. Урд өмнө нь Монголд нийгмийн даатгалын тогтолцоо байгаагүй. Энэ тогтолцоо нь өмнө нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын шугамаар шийдэж байсан. Шинэ орчин бий болсон ч хууль сурталчлах ажил маш хангалтгүй хийсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн талаар иргэд, байгууллага, тэр бүү хэл төрийн байгууллага ч ойлголт муутай байсан. Үүнээс болж ажилчдынхаа шимтгэлийг төлдөггүйгээс шимтгэл төлсөн жил нь олон жилээр тасарсан тохиолдол түгээмэл гарсан. Иймд мөн хуульд 1995-2000 оны хоорондох жилийг шинэ хууль үйлчилсэн эрсдлийн таван жил гэж ойлгоод энэ хугацаанд хамаарах 730 орчим мянган иргэний шимтгэл төлсөн жил нь тасарсныг нь өөрийнх нь төлөх 10 хувийг төлүүлснээр төлснөөр нь нөхөн тооцохоор хуульчиллаа.

-Таван жилийн 10 хувийг төлнө гэхээр хэдэн төгрөг болж байна?

-Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол дунджаар 90 орчим мянган төгрөг төлөхөөр гарч байна. Иргэдийн хувьд энэ боломжтой байх. 900 мянган төгрөг төлөөд таван жил шимтгэл төлсөн гэж тооцуулах нь том боломж.

-Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам гарах байх?

- Тэгнэ. Удахгүй энэ хуулийг хэрэгжүүлэх журам гарна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хэрэгжилтийг зохион байгуулна. Энэ ажил бүх аймаг, орон нутагт явагдана. Иргэд маань журам гарсны дараа ажилласан жилээ нөхөн тооцуулах тухай хүсэлт, өргөдлөө гаргаад тухайн аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандсанаар хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой.

-Хуулийг хэзээнээс хэрэгжих эхэлнэ гэж ойлгож болох вэ?

Хууль батлагдсан өдрөөс эхэлж хэрэгжих эхэлнэ. Энэ хуулийг хүлээж байсан маш олон хүн байгаа. Тэтгэврээ тогтоолгох гэхээр ажилласан хугацаа нь нэг жилээр хүрэхгүй, тэр ч бүү хэл нэг сараар дутсан олон хүн байсан. Багцалж хэлбэл, 1990-1995 оны ажилласан жилийн хугацааг нөхөн тооцох, 1995-2000 онд тасарсныг нь арван хувийн шимтгэлээ төлснөөр нөхөн тооцох боломж ийн бүрдлээ.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.