Д.Лүндээжанцан 2019.01.23 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Өнөөдөр /2019.01.23/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэл”-ийг Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байгаа.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IY гэсэн баганын улс төрийн албан хаагч гэсэн хэсэгт “Монгол Улсын Шадар сайд” гэж нэмэх санал гаргасан юм. Харин уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Шадар сайд нь Ерөнхий сайдыг эзгүйд ажил үүргийг нь орлон гүйцэтгэдэг учраас Зсгийн газрын бусад гишүүдээс нэг шатлал ахиу байх нь зүйтэй юм. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ярьж байх үед ийм байр суурьтай байгаагаа би хэлж байсан гээд Монгол Улсын Шадар сайдыг ТӨ-III гэсэн баганын улс төрийн албан хаагч гэсэн хэсэгт оруулах зарчмын зөрүүтэй санал гаргав.

Иймээс эхлээд Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжсэнгүй. Харин М.Энхболд гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 72.7 хувийн дэмжлэг авсан юм. Мөн тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IYА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны ерөнхийлөгч гэж нэмэх, хавсралтын ТӨ-YI баганын захиргааны албан тушаал гэсэн хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, ТӨ-YIА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэж тус тус нэмэхээр тогтлоо.   

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуралдааны төгсгөлд, цаашдаа төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн асуудлыг парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишигт нийцүүлж шинэчлэхэд Төрийн албаны зөвлөл анхаарч, энэ талаар судалж үзээд шаардлагатай гэж үзвэл холбогдох саналаа Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  мэдээлэв.