С.Эрдэнэ 2019.01.24 | News.mn

С.Эрдэнэ: Ажлаа хийсэн нь хохирч, популистууд хожиж болохгүй

С.Эрдэнэ: Ажлаа хийсэн нь хохирч, популистууд хожиж болохгүй

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын намрын чуулганыг сунгах саналаа илэрхийлсэн. Энэ талаар сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Намрын чуулган сар гаруй хугацаанд завсарласан. Үүнтэй холбоотой намрын чуулганыг сунгах саналыг Ерөнхийлөгч гаргаад байгаа. Та чуулганы сунгах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Намрын чуулган бараг л хуралдсангүй шүү дээ. Намрын чуулган хуралдаж байх хугацаанд өөрсдийгөө эх оронч, шударга ёсны төлөө тэмцэж байгаа гэсэн хэсэг нөхөд Монголын төрийн ажлыг гацааж намрын чуулган хуралдсангүй. Эрх барьж байгаа МАН дотоод зөрчил тэмцлээ болих, төрийн ажлыг битгий гацаагаач ээ гэдэг шаардлагыг АН удаа дараа тавьсан.

Нэг намын дотоод зөрчлөөс болж Монгол төрийн ажил гацахыг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы гуравны нэг олон хоногоор чуулгандаа суугаагүй бол эгүүлэн татдаг өөрчлөлт хийсэн. Гэтэл чуулганы хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэр бүхий гишүүд намрын чуулганыг тасаллаа шүү дээ.

Ажлаа хийж байгаа гишүүд нь хохироод улс төр, популизм хийсэн нөхдүүд нь хожоод байж болохгүй. Чуулганы хуралдааныг сунгаж хуралдуулах талаар нэг бус гишүүний саналыг сонссон. УИХ-ын чуулган Дэгийн хуулийнхаа хүрээнд тогтоосон цаг хугацаандаа л хуралдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн хүссэн үедээ тасалж байдаг, хэн нэгэн хүн хүссэн үедээ сунгаж байдаг асуудал биш.

-Хэлэлцэж амжаагүй хуулиудаа хаврын чуулган болтол хойшлуулах уу?

-Хуульд нээлтээ хийх, хаалтаа хийх өдрийг тодорхой хуульчлаад өгчихсөн. Монгол төрийн ажил улс төрийн сонирхлоор явахгүй. Хууль дүрмийн хүрээнд л явах ёстой. Хариуцлага хүлээх хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ биз. Хэрвээ асуудал ярих гэж байгаа бол хуулийн хугацаанд нь асуудлуудаа шахаад явах хэрэгтэй. Маш олон хууль хэлэлцээд явах хугацаа байхад ямар ч үр ашиггүй өнгөрөөдөг. Хэрвээ шахаад хуралдвал үлдсэн асуудлуудаа хаврын чуулганд багтаад хуралдах бүрэн боломжтой.

Ш.ЧИМЭГ