УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх ёстой
2019.01.25

УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх ёстой

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ УИХ-ын даргыг 40 гишүүний саналаар огцруулах боломжтой болсон бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа өнөөдрөөс эхэлж байгаа тул УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой гэж зарим гишүүд үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэж Монголчууд хэлдэг. Нэгэнт хуулийн үйлчлэх хугацаа болсон учраас асуудлыг яаралтай шийдээд явах ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Улс төрийн ийм бужигнаанаас болж нийслэл дээрээ ч асуудалтай, ард түмний сэтгэл зовлонтой байна. Энийг хуучин ондоо үлдээгээд, шинэ ондоо бэлгэ дэмбэрэлтэй юм яриад оччих ийм хэрэгцээ байгаа гэж үзэж байна. айлын идээ будаан дээр улс төрийн хэрүүл аваачаад яах вэ дээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай горимоор нь шийдэх горимын санал байна.

Нийгмийн сүлжээнд гарч байгаа мэдээллүүд зах замбараагүй боллоо. Нэр нүүр, утсаа нуусан захиалгатай бичээч нар хүнийг гүтгэн доромжлох байдал хэрээс хэтэрлээ. Үнэн худал нь мэдэгдэхээ байж иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг яаралтай батлахгүй бол нийгэмд аюултай байдал үүсэж байна. Энэ хуулийн УИХ-ын хаврын чуулганаар эхний жагсаалтанд оруулж хэлэлцэн батлах саналтай байна.”

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

“40 гишүүн УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг хөндөж 40 хоногийн хугацаанд чуулган тасалдсан. 2 удаагийн жагсаал болж Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Хууль санаачлах эрх бүхий этгээдээс хуулийн төсөл санаачлан батлуулсан. Ингээд өнөөдрөөс хууль хэрэгжих ёстой. Ингэхдээ нэн яаралтай горимоор өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Тиймээс УИХ-ын дарга та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, даргын зөвлөлөө хуралдуулж, УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг баталж болохгүй юу? Сар шинийн баяраас өмнө шийдвэрлэх горимын санал гаргаж байна.”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Ерөнхийлөгч нэг гараараа шударга ёс, нөгөө гараараа шулмын ажил хийж байна. ЖДҮ дээр хориг тавихгүй байна. ирэх 5 дахь өдөр мэдээлэл сонсох хүсэлтэй байна. Хуулийн дагуу шалгуулахад УИХ-ын гишүүд саад болохгүй байгаа гээд байсан. Гэтэл миний үеийн мөрдөн байцаагчид саад болж байна гэж хэлж байна.

Мөн иргэд өрөөс өрийн хооронд амьдраад хүнд байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Цэрэгт явсан хүү амиа алдсан явдал гарсан байна. Тодорхой хугацаатайгаар шүүх цагдаа прокурор нь шалгаад дүгнэлт гаргадаг болохоос гадны нөлөөтэй нөлөөгүй гэж дүгнэж байна. Ингэж болохгүй.

Ер нь Ц.Нямдорж сайд энэ салбарт байхад дандаа ийм "новшийн" юм болж байдаг. Тиймээс зарим нэг сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэй байна. Үндсэн хуулийн цэцэд хан.даж кабинетээр нь биш сайд тус бүрчлэн хариуцлага тооцдог хуулийн өөрчлөлтийг оруулж өгөөч гэсэн хүсэлтэй байна."