М.Билэгт 2019.01.25 | Vip76.mn

М.Билэгт: Алт тушаагчдын 70 гаруй хувь нь ААН биш иргэд байна

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд горимын санал хэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбарын сайдын саналаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хугацааг түр хойшлуулсан. Өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтаас мөн хойшлуулж байгаа талаар УИХ-ын гишүүн М.Билэгт санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд мөн л Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл орж ирж байна. Монголбанкинд худалдаж байгаа алт 20 тн буюу 2 их наяд төгрөгийг худалдан авалт хийж байна. Үүний 70 гаруй хувь нь хувь иргэнээс тушаадаг.

Гэтэл уул уурхайн лиценз аж ахуйн нэгжийн нэр дээр байдаг. Мэргэжлийн зөвлөл нь нөөцийг тогтоож, зөвшөөрөл өгч ажлаа эхэлдэг. Гэтэл олборлосон алтаа нөөцийн дагуу бус ААН-үүд иргэний нэрээр Монголбанкинд тушаалгаж байгаа нь өнөө татвараас зайлсхийж байгаа явдал мөн.

Үүнийг зохицуулах эрх зүйн зохицуулалтаа хийгээгүй байж татвараа нэмэх хасах асуудлаа шийдэх ёстой. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах гормиын санал гаргаж байна.”