Чинзориг.С 2019.01.25 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг хүлээж авлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг хүлээж авлаа

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг Монгол Улсад хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхийн нэгэн бэлгэдэл болсон энэхүү барилгыг хүлээж авах хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин нарын  тэргүүтэй албаныхнаас гадна  барилгын зураг төслийг гаргаж, зохиогчийн хяналтыг гүйцэтгэсэн БНХАУ-ын IPPR олон улсын инженеринг компани, төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын СТСЕ групп ХХК-ийнхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байгаагийн 14 мянга орчим нь 0-17 насны хүүхэд. Эдгээр хүүхдийг хөгжих, төлөвших, хүмүүжих нөхцөл бололцоогоор хангах, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахын хамт хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх нь төр, засгийн бодлого үйл ажиллагааны нэг чиглэл бөгөөд энэ хүрээнд хийсэн томоохон ажлын нэг нь энэхүү Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болж буй юм.

Шинэ төвийг хүлээн авч буй Монголын талыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг үг хэлсэн. Тэрбээр “Монгол, Хятад хоёр хөрш орны “Найрамдлын барилга” болсон энэхүү төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийх амбулатори, нөхөн сэргээх эмчилгээний хэсэг, сургалтын болон хэвтэн эмчлүүлэх хэсгээс бүрдэж буй бөгөөд хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор гэдгээрээ онцлог юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна 250 хүүхдийг хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай нөхөн сэргээх энэхүү төв ашиглалтанд орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цаг алдалгүй эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхийн хамт төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалт явуулах, асаргаа сувилгааны мэдлэг олгох боломж бүрдэж буй нь Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хүүхдүүдийг онцгойлон анхаарч, тэдний хөгжлийг дэмжиж байгаагийн нэг илрэл” хэмээгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны зардал, орон тоо, санхүүжилтийг Засгийн газраар шийдүүлж 2019 оны улсын төсөвт тусгуулснаа дурдсан.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын  хүрээнд тус төвд нэн шаардлагатай байгаа дагалдах бүтээн байгуулалтын нэмэлт гэрээг эцэслэн төвийн орц гарц, дулааны шугамын дээгүүр төмөр бетон гүүр барих, ногоон байгууламж, хүүхдийн спорт талбай байгуулах, гэрэлтүүлэг хийхээс гадна 155 нэр төрлийн эмнэлэг, сувилгааны тоног төхөөрөмжийг нэмж авах шаардлагатай байсныг шийдвэрлүүлж, тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг БНХАУ-д сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар болсныг ч сайд хэлсэн үгэндээ онцлон дурдсан.

Энэ төвийг барих асуудал нэлээд эртнээс яригдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын 2014 оны  солилцох захидал болон тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай 2016 онд байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламж 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барихаар болж барилгын ажлыг 2016 оны есдүгээр сард эхэлсэн.

БНХАУ-ын барилгачид олон улсын стандартад нийцсэн орчин үеийн нөхөн сэргээх төвийг хоёр жил хагасын дотор барьж Монголын талд хүлээлгэн өгч буй юм. Ашиглалтад хүлээж авсан шинэ төвийг ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хариуцаж ажиллах бөгөөд  тус газрын дарга Ц.Ганчимэгийн хэлснээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд өдөрт хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхэд эцэг эхийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой юм байна.

Тэрбээр мөн  тус төв нь өдрийн үйлчилгээ, түр байршуулан сэргээн засах үйлчилгээ, явуулын үйлчилгээ гэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, хөгжлийг дэмжих хөтөлбөр, техник, технологийг эмчилгээ, оношилгоонд өргөн нэвтрүүлэх,  эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засалтыг цогцоор нь үзүүлэх, нотолгоонд суурилсан сэргээн засах тусламжийг нэвтрүүлэх гэсэн стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг баримтлан ажиллана гэдгийг хэлж байлаа. 

Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах эмчилгээнд хамрагдахаас гадна протез, ортопедын энгийн хэрэгслийг өөрт тохируулан хийлгэж авах боломжтой төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, гэр бүлийнхэнд эмч, нарийн мэргэжлийн сэргээн заслын мэргэжилтнүүд хичээл зааж зөвлөгөө өгөхөөс гадна  эрүүл мэнд, боловсрол, нийгэм сэтгэл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан сургалт, судалгааны ажлыг хийдэг байхаар төлөвлөжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бас нэг бүтээн байгуулалт тун удахгүй эхэлнэ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж 20,4 сая ам.долларын хөрөнгөөр Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн спорт цогцолбор  барих бөгөөд энэхүү цогцолбор тив, дэлхийн хэмжээний тэмцээн явуулах боломжтой заал, талбайтайгаас гадна фитнесс, жүдо бөх, хүндийн өргөлт, таэквондо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрлөөр зэрэг хичээллэх боломжтой олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий танхимуудтай байх юм.