Х.Нямбаатар 2019.01.25 | Өнөөдөр сонин

Х.Нямбаатар: Юу нь болохгүй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой ярих ёстой

Х.Нямбаатар: Юу нь болохгүй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой ярих ёстой

Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч Х.Нятбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Зөрчлийн тухай хуулийг мөрдсөнөөс хойш янз бүрийн санал, шүүмжлэл гарч байна. Уг хуулийг батлахад хамгийн оролцоотой байсан хүний хувьд та юу хэлэх вэ?

-Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс хүн, хуулийн этгээдийг хамгаалах, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний өмч, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг хамгаалах хамгийн том хэрэгсэл нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль. Эдгээр нь нийгмийн амьдралд хүн бүр тэгш, чөлөөтэй оролцох боломж бий болгодог. Энэ хуулийг шүүмжлээд байгаа хүмүүс эхлээд бүрэн унших, танилцах хэрэгтэй. Дараа нь чухам юу болохгүй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой ярих ёстой. Түүнээс амныхаа зоргоор, хуулийн энд тэндээс тасалж аваад шүүмжилж болохгүй. Хоёрдугаарт, криминологийн шинжлэх ухаан гэж бий. Үүгээр гэмт явдал, түүний шалтгаан, зүй тогтол, урьдчилан сэргийлэх арга зүйг судалдаг. Орчин цагийн криминологийн шинжлэх ухаан гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг бүхэлд нь багтаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга зүйг эрэлхийлэх хандлагатай болж байгаа. 1997 онд баталсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйг чухалчилдаг байсан. Харин орчин цагт гэмт хэргээс гадна эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлсний үндсэн дээр гэмт явдлыг багасгах, хор хохирлыг нь бууруулахыг зорих болсон.

-Энэ хуулийг хэрэгжүүлснээс хойш ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

-Маш том эерэг үр дүн гарч эхэлсний нэг нь 2018 онд хүн амины гэмт хэрэг 40 хувиар буурсан явдал. Өөрөөр хэлбэл, ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй зодоон, хүчирхийлэл нь даамжирч ноцтой гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрддэг байсныг Зөрчлийн тухай хуулиар хазаарлаж чадсан. Энэ нь хууль сахиулагчид Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг сайн зохион байгуулж байгаатай холбоотой.

-Уг хуулийн зарим зүйлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа хэсэг нь сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллага. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Зарим сэтгүүлч гүтгэхтэй холбоотой зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулиас хасаж, асуудал үүсвэл иргэний журмаар шийдүүлэх саналаа илэрхийлж байгаа. Үүний цаана нэг талдаа хүний нэр төр, алдар хүнд бий. Үүнийг хамгаалахын тулд Зөрчлийн тухай хуулиар хэм хэмжээ тогтоосон. Сэтгүүлчид хэнийг ч дураараа гүтгэн доромжилж болно гэвэл маш том эндүүрэл. Иргэний эрх зүйн хүрээнд зөвхөн зөрчигдсөн эрхтэй холбоотойгоор эдийн болон эдийн бус хохирлыг барагдуулах шүүхийн үйл явц өрнөдөг. Гэм бурууг Зөрчил шалган шийдвэрлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоодог. Хэн нэгнийг гүтгэсэн, эсэх талаар тайлбар, нэмэлт баримт сэлт цуглуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах, өмгөөлүүлэх эрхээр хангуулах, нэр төр, алдар хүндийнхээ хор хохирлыг барагдуулах гэх мэт цогц ойлголт бий. Европын орнуудад гүтгэх, доромжлохтой холбоотой харилцааг ямар хуулиар зохицуулж байгаа талаар судалгаа хийсэн. Бид дэлхий нийтэд тогтоогүй жишиг, зохицуулалт шаардах ёсгүй. Тиймээс болгоомжтой, хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэж хэлээд байгаа юм. Мэдээж Зөрчлийн тухай хуулийг боболовсронгуй болгох, хийдэл, давхардлыг арилгах нь зүй ёсны хэрэг.