2019.01.25

О.Баасанхүү: Нэг гараараа шударга ёс үйлдэж, нөгөө гараараа шулмын ажил хийж болохгүй

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Энэ хуулиар тодорхой үнэ тарифыг буулгах гэж байна гэж үзэж байна. Зөрүүг нь хаанаас хэдэн төгрөгөөр нөхөх гэж байгаа юм бэ? Ер нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нь зөв гэж үздэг. Одоо байгаа эрчим хүчний алдагдал улс төлдөг. Үүний тооцоо гарсан уу?

УИХ-ын гишүүд өнөөдөр шударга ёсны тухай ярьж тэмцэж байна гэж өөрсдийгөө хэлдэг. Булаагдсан байгалийн баялгаа булааж аваад ард түмэндээ өгнө гэж ярьж байна. Буутай зэвсэгтэй очиж айлгана гээд байдаг. Нэг талаар зөв ч ард түмэндээ өгье гэвэл татвараар л өгнө ш дээ. Өөрөөр өгөх ямар арга байна. Гэтэл алтны татвараа тогтоох гэхээр хойшлуулаад байх юм.

Ийм хувьсгал байхгүй. Хулгайч хүн хувьсгал хийдэггүй гэж би хэлсэн. Нэг мөсөн өршөөлийн хууль оруулж ирээд өөрсдийгөө өршөөчөөч. Нэг гараараа шударга ёс хийгээд нөгөө гараараа шулмын ажил хийж болохгүй. ЖДҮ-чид ч тэр, 60 тэрбумчид ч тэр шударга ёс ярих хэрэггүй.

ЭНэ хууль дээр ч гэсэн лобби явж байгаа юм биш биз гэж хардаж байна. Татаас нь хэд байгаад одоо яаж өөрчлөгдөж байгаа вэ?”

Түүний асуултанд хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар хариуллаа.