Б.Баттөмөр 2019.01.25 | Vip76.mn

Б.Баттөмөр: СЭХ-ийн тарифыг уян хатан тогтоох хэрэгтэй.

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Анх энэ хуулийг төрийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр гарсан хууль. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг ам.доллараар худалдан авна гэж заасан. Тухайн үед 1 ам.доллар 1100-1200 орчим төгрөг байсан. Харин өнөөдөр 2600 хүрээд нэг дахин өссөн байна. Тиймээс эргэн харах ёстой. Монгол Улс СЭХ-ийн асар их нөөцтэй.

Дэлхийн хамгийн том салхины 3 их урсгалын нэг нь монголын говиор дайрдаг. Энэ эрчим хүчийг ашиглан 10 тераватт буюу БНХАУ-ын 1 жилийн хэрэглээтэй тэнцэх эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой гэж судлаачид үздэг. Тэгэхээр бидэнд СЭХ-ийг ашиглах боломж бол байна. Хууль батлагдаад 13 жил өнгөрсөн. Тухайн үед гаргасан дэмжих тарифыг жил жилд засгийн газар тогтоох уян хатан байлгах боломжтой юу? Төрөөс өндөр татаас гаргах шаардлага гарсан ч нэг ч төгрөг төлөөгүй. Компаниуд нь өөрсдөө хариуцаад явдаг. Тиймээс тарифын үнэ цэнийг нарийн судлах шаардлагатай юм.

Анх энэ хуулийн батлахдаа алслагдсан сумд, орон нутгийг эрчим хүчээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор хуулийг гаргаж байсан ч өнөөдөр 1 л сумаас бусад нь төвийн эрчим хүчинд холбогдсон байна. Тийм байхад зэрэгцүүлээд заавал тэнд СЭХ эх үүсвэр байгуулах хэрэгцээ байна уу үгүй юу? Тиймээ стөрийн бодлогоо ч СЭХ салбарт өөрчлөх хэрэгцээ байна.

  1. Олгосон зөвшөөрөл хооронд зөрүү гарч байгааг нягтлаарай.
  2. Замбараагүй лиценз их олгожээ. Зардаг, сольдог. Суурилсан хүчин чадлаасаа илүү хэмжээний зөвшөөрөл олгосон байна. Хөрөнгө оруулалтанд бэрхшээл байгаа юу?
  3. Байшин болгоны оройг эрчим хүчний үйлдвэрлэгч болгоё гэж судалгаа, туршилт хийгдэж байгаа юм билээ. Манай дээр үүнийг яаж анхаарах вэ?”

Түүний асуултанд Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар хариуллаа.