Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019.01.25

Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Билгийн тооллын XVII жарны шороон гахай жилийн сар шинийн баярыг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй томоохон ажлуудаа танилцуулаад “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийг судлан та бүхний эрүүл урт удаан наслах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Мөн өнгөрсөн онд улсын гуравдугаар төв эмнэлэг, ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг, шинжилгээ, оношлогоог зохион байгуулж та бүхнийхээ эрүүл мэндэд анхааран ажиллаж байгааг дурдахад таатай байна. Цаашид та бүхнээс гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллана” хэмээж байв.

Ахмадуудаа хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр НЗДТГ-ын Ахмадын холбооноос нийслэлийн хөгжилд өөрсдийн санал санаачлалгыг хүргэхэд идэвх санаачлага гарган ажилласан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод “Бидний төлөө” шагналыг гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.