Б.Баттөмөр 2019.01.25 | Vip76.mn

Б.Баттөмөр: Тарифт суурилсан дэмжлэгээ зөв хослолыг гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Тарифт суурилсан дэмжлэгээ зөв хослолыг гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. 1квт эрчим хүчийг 145 төгрөгөөр борлуулдаг хэрнээ нарны эрчим хүчийг 422, салхиныхыг 230 төгрөг гэхээр тэмээ ямаа шиг зөрүүтэй байна. Хэрэглэгчид энэ хэмжээгээр ачаалал очно. СЭХ-д өгч байгаа татаас ч  буурах боломжтой.

Энэ салбарт олгож байгаа тусгай зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагуудад олгох ёстой. Энэ чиглэлээрээ ажил хийсэн, бүтээн байгуулалт хийсэн компани сонгох ёстой. Өөрийн хөрөнгийн чадвартай байх ёстой. Мөн хөрөнгийн биржид бүртгэлтэй байх гэсэн шалгууртай баймаар байна.

Үнэ тарифыг бууруулна гэдгийг дэмжинэ. Өрсөлдөөний зарчим дээр суурилах ёстой.

2023 онд Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ 100% хангана гэж байгаа. Аюулгүй байдал талаасаа Усан цахилгаан станцын оролцоогүйгээр ингэж хангах боломжгүй юм байна.”