С.Эрдэнэ 2019.01.29 | Монголын мэдээ сонин

С.Эрдэнэ: Шударга ёсноос айгаагүй бол энэ хуулийг батлах ёстой

С.Эрдэнэ: Шударга ёсноос айгаагүй бол энэ хуулийг батлах ёстой

УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийн талаар тус хуулийн санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.  

-Энэ хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан нь юу юм бэ. Сонгогчид өөрсдөө гишүүдийг эргүүлэн татна гэхээр эмх замбараагүй байдал үүсэхгүй юу. Хуулийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

-Сонгогчдоос ирж байгаа олон мянган санал хүсэлт болон, сүүлийн үед улс төрд болж байгаа нөхцөл байдлыг харахад энэ хуулийн төслийг санаачлах зайлшгүй шаардлага байгаа юм. Маш олон сонгогчид УИХ-ыг болон гишүүдийг сайхан амлалт өгч гарч ирчихээд түүнийгээ биелүүлэхгүй байна гэсэн санал, гомдлыг ирүүлсээр байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хууль эрхзүйн хүрээнд хөндөөгүй. УИХ-ын тухай хуульд таван тохиолдолд гишүүдийн бүрэн эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Энд иргэд сонгосон гишүүндээ хариуцлага тооцох ямар ч эрзүйн зохицуулалт байхгүй байгаа. Гэтэл бусад улс орнуудад ийм зохицуулалтыг хуульчилж өгсөн байдаг. Жишээлбэл, Канадад  сонгогчдын 15 хувь нь гарын үсэг зурсан бол гишүүнийг эргүүлэн татаж болдог. Их Британид 10 буюу түүнээс дээш  хувь нь гарын үсэг зурсан бол эргүүлэн татдаг.

Австралид 10 хувь, Хятадад 30 хувь гэх мэт маш олон улсад эрх зүйн зохицуулалт байгаа. Тийм учраас ардчилал бүрэн хөгжсөн улс орнууд, ялангуяа парламентын засаглалтай орнуудын энэ жишгийг судалж үзсэний үндсэнд энэ хуулийн төслийг санаачилсан. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд гишүүнийг чөлөөлөх, эргүүлэн татах журам оруулж байгаа юм. Тодруулбал, сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эргүүлэн татах санал гаргасан гэдэг заалтыг нэмэлтээр оруулж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 3/1 нь санал гаргаж баталгаажуулна. Түүнийг нь Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы хуралдаанд уншиж танилцуулснаар эргүүлэн татах тухай тогтоол батлагдсанд тооцох юм. Ямар нэгэн санал хураалт явахгүй гэсэн үг. Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхгүй, зөвхөн уншиж танилцуулснаар тогтоолыг батлагдсанд тооцно. Сонгогчид гишүүнийг эргүүлэн татах саналаа гаргахад Сонгуулийн Ерөнхий хороо 60 хоногийн дотор тухайн тойргийн санал хураалтад оролцсон сонгогчдын гарын үсэг болон сонгуульд оролцсон эсэхийг шалгаж, баталгаажуулах юм. Хууль санаачлахад хүргэсэн зайлшгүй үндэслэлүүд байгаа учраас энэ хуулийг батлах шаардлагатай.

-Хууль санаачлахад хүргэсэн зайлшгүй үндэслэл гэдэгт юу багтаж байна вэ. Жишээлбэл?

-Хууль санаачлахад хүргэсэн маш олон үндэслэлүүдийг ярьж болно. УИХ болон эрх баригч нам туйлын хариуцлагагүй байгааг хүн бүхэн мэднэ.  2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өгсөн амлалтуудын нэг нь ч хэрэгжээгүй байна. Улс орны гадаад өр өдөр ирэх тусам нэмэгдэж байна. УИХ дахь үл ойлголцол, эрх баригч  намын дотоод зөрчил туйлдаа хүрлээ. Нэг намын зөрчөл савнаас хальж төрийн хямралын хэмжээнд хүрлээ. УИХ-ын 76 гишүүний 65 нь эрх баригч намынх. Тэдний нэг нь хүчингийн гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үлдсэн 64 гишүүний 3/1 орчим нь ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээл авсан асуудалд холбогдоод байгаа. Ерөнхий прокуророос ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гэмт хэргийг шалгах асуудлыг УИХ-д оруулсан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзлаа. Энэ нь УИХ-ын гишүүд нэгэндээ шударга ёсны болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх чадамжгүй болсныг илтгэж байгаа тод жишээ юм. Иймд тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх эрхийг хуульчлан тогтоох шаардлагатай байгаа юм.

Наанаа шударга ёс ярьчихаад цаанаа луйварчид бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэргийг зохион байгуулалтайгаар хамгаалж байна. Шударга ёс ярьсан луйварчид, луйварчдаа хамгаалж байгаа. Үүний ард оффшор, концесс, 60 тэрбумын авлиглын сүлжээ, ЖДҮ гээд маш олон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр хаацайлан, шалгаж чадахгүй байна. Тийм ч учраас УИХ дахь сөрөг хүчний даргын хувьд хариуцлага алдаж, ёс зүйгүй авирласан гишүүдэд дан ганц хуулийнхан биш, УИХ өөрөө биш, сонгогчид хариуцлага тооцдог болох ёстой гэсэн үүднээс энэ хуулийн төслийг санаачиллаа. Энэ хууль бол бүрдүүлэлт шаардахгүйгээр шууд өргөн баригдаад явдаг байх юм. Засгийн газраас санал өгсөн тохиолдолд хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганаар хэлэлцүүлэгдэхээр орох юм. Үнэхээр хариуцлага, шударга ёсноос зугтаагаагүй нь үнэн юм бол гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Энэ хуулийг баталснаар сонгогчдод маш том эрхзүйн боломж нээгдэнэ. Хариуцлагатай улс төр, хариуцлагатай сонголт, хариуцлагатай төр бий болоход энэ хууль хөшүүргэ болно гэдэгт итгэлтэй байна.

-Нэг тойрогт багадаа хоёр гишүүн өрсөлдөж, тухайн тойргийн нийт сонгогчдын 3/1 орчмын саналыг авч ялсан гэж бодъё. Гэтэл үлдсэн хэсэг нь тухайн гишүүнийг хүлээн зөвшөөрөөгүй байх магадлалтай. Тэгэхээр гишүүн бүрийг эргүүлэн татах боломж бүрдэх эрсдэлтэй юм биш үү. УИХ-ын дархлааг алдагдуулахгүй байх талаар ямар зохицуулалт хийсэн бэ?

-Парламентын гишүүнийг эргүүлэн татах нь парламентын бие даасан байдал, түүний гишүүний хараат бус байдалд сөргөөр нөлөөлдөг гэх хандлага байдаг. Гэхдээ дэлхийн маш олон улс оронд тухайн гишүүнийг сонгосон сонгогчдын тодорхой хувь нь гарын үсэг зурсан тохиолдолд эргүүлэн татдаг. Манай улс төрийнхөн парламентын дархлаа гэдэг зүйлийг урдаа барьж, төрийн тогтвортой байдлыг ярьж, түүнийгээ үргэлж буруугаар ашигладаг. Тиймээс тогтвортой байдал, дархлаа ярьж хариуцлагаас  зугтаж байгаа гишүүдээс сонгогчид хариуцлага тооцох эрхийг нь олгох хэрэгтэй. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахаар гарын үсэг цуглуулж байна гэдэг нь ямар нэг үндэслэлтэй л байна гэсэн үг. Түүнээс биш зүв зүгээр байгаа хүнийг эргүүлж татна гээд гарын үсэг цуглуулаад байхгүй.

-Л.Болд тэргүүтэй гишүүд “Лобби” бүлгийг байгуулахаар болсон тухайгаа зарласан. Энэ хуулийг Л.Болд гишүүнтэй холбогдуулан санаачилсан байх магадлалтай гэх таамаг байна?

-Л.Болд гишүүн парламент биш шүү дээ. Би нийт УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай хууль санаачилж байгаа болохоос биш, Л.Болдын тухай яриагүй. Л.Болд энгийн л нэг гишүүн. Энэ хуулийг Монголын төрийг хариуцлагатай байгаасай гэсэн үүднээс санаачилж байгаа юм. Хуулийн эцсийн зорилго нь хэн нэгэн гишүүнд биш Монголын нийт сонгогчдод зориулсан. “Лобби” бүлэг байгуулна гэдэг парламентад байдаг л асуудал. Ямар ч лоби бүлэг байгуулж болно. Би ч гэсэн хоёр гишүүнтэй яриад “Лобби” бүлэг байгуулъя гээд, түүнийгээ пиардаад явж болно. Албан ёсны бүлэг, лобби бүлэг хоёр өөр юм байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

-Сонгогчид гишүүнийг эргүүлэн татах санал гаргавал УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүйгээр шууд түдгэлзүүлнэ гэж ойлгож болох уу?

-Сонгогчдын гуравны нэг нь санал гаргасан ч Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжихгүй, нэгдсэн чуулганаар хүлээж авах боломжгүй гээд буцаагдах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, олонх болсон нам нь гишүүнээ хамгаална. Тийм учраас л гишүүдийн халдашгүй эрх гээд байгаа зүйлийг хэн нэгэн хамгаалах биш, сонгогчид саналаа гаргаснаар шийдэх ёстой гэж үзээд байгаа юм. Сонгогчид тухайн гишүүнийг эргүүлж татах гарын үсгээ цуглуулж, тэр нь СЕХ-ны шалгалт, лавлагаагаар батлагдсан бол иргэдийн саналын хувь, үндэслэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд болон нэгдсэн чуулганд танилцуулна. Ийнхүү танилцуулснаар тогтоол хүчин төгөлдөр болж, батлагдах юм. Сонгогчдод давуу эрхийг олгож байгаа гэсэн үг. Хамгийн гол нь эрх мэдэлтнүүд бие биенээ хаацайлах боломжгүй болно.

-Намрын чуулганыг сунгах асуудалд танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид эцсийн шийдвэрээ гаргачихсан. Чуулганы танхимын үүдэнд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг явуулахыг шаардсан самбарыг байрлуулсан. Манай намын гишүүд бүгд гарын үсгээ зурчихсан байгаа. Эрх барьж байгаа намын гишүүд ч нэгдсэн. Манай нам УИХ-ын чуулган үргэлжлэн хуралдах эсэх асуудлыг биш, УИХ-ыг тарах шаардлагыг тавьж байгаа. Энэ шаардлагынхаа хэрэгжилтийг хангахын төлөө ажиллана.

-Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүдийг эргүүлэн татах тухай хууль санаачилж байсан шүү дээ. Таны санаачилсан энэ хууль юугаараа өөр юм бэ?

-Д.Хаянхярваа гишүүнийг ямар хууль санаачилсныг мэдэхгүй байна. Миний санаачилсан хуулийн гол онцлог нь ямар нэг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар санал хураалт явахгүйгээр, тухайн гишүүнийг сонгосон иргэд гарын үсгээ зурснаар гишүүнийг түдгэлзүүлэх боломжтой юм.