Н.Амарзаяа: УИХ хүндрэлтэй нөхцөл байдал орсон
2019.01.29

Н.Амарзаяа: УИХ хүндрэлтэй нөхцөл байдал орсон

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-Эрх баригч МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр сүүлийн хоёр сарыг өнгөрөөлөө. Энэ хугацаанд хэлэлцэж батлах шаардлагатай олон хуулийн төсөл хүлээлтийн байдалд байна. Та ч мөн энэ нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн асуудалд нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдааны үеэр илэрхийлж байсан. Ингэж намын зөрчлөөс үүдэн, төрийн ажлыг зогсоож байгаа нь хэр зохистой юм бэ?

-Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хууль тогтоогчид нь өөрсдөө биелүүлэхгүй байгаатай холбоотой юм. Таны хэлснээр эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж хэлж болно. УИХ-ьтн тухай хуульд УИХ-ын даргыг чөлөөлөх таван үндэслэл дээр нэмээд УИХ-ын гишүүдийн 50+1 буюу олонх нь гарын үсэг зурснаар огцруулдаг заалтыг орууллаа. Намын дотоод зөрчил төрийн ажлыг гацааж байгаа нь байж боломгүй үйлдэл. Үүнд харамсч байна. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөв-лөсөн хуулиудаа бараг хэлэлцсэнгүй. Татварын багц хуулиуд, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг зайлшгүй хүлээгдэж байгаа хуулиуд бий.

-Гэсэн ч УИХ-ын даргыг огцруулах нь нэгэнт тодорхой боллоо. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулснаар нам доторх зөр-чил намжих болов уу?

-Цаашид ерөнхийдөө нууцхан өрсөлдөөн явна байх. Тэгээд л дахин талцана. Ийм үед МАН-ын дарга л намын бүлгийн гишүүдийг нэгтгэж, эв эеийг хичээх бодлого баримталж, нээлттэй, ил тод, шударга байж, гишүүдээ сонсож ажиллах хэрэгтэй.

-Олонхын санаачилгаар УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалтыг нэг хүнд зориулсан, парламентын дархлааг сулруулах эрсдэлтэйг зарим гишүүн шүүмжилж байсан. Та үүнтэй санал нэг байна уу?

-Хуульд заагаагүй бол төрийн өндөр албыг бусдын шаардсанаар өгдөг, авдаг байж болохгүй. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын тухай хуулийн дагуу хууль дээдлэх зарчимд нийцүүлж ажиллах ёстой. Аймаг, нийслэлийн ИТХ-ын даргатай ижил хуулийн орчин үйлчлэх хэмжээнд очиж байна. Энэ бол парламентийн дархлааг сулруулж байгаагийн гол жишээ.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Ерөнхий прокурор ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байх нь шалгалт явуулахад хүндрэлтэй гэдгийг хэлж байсан. Таны бодлоор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй нь эргээд хэр их хохирол учруулахуйц шийдвэр вэ?

-Маш хүндрэлтэй бөгөөд шүүмжлэлтэй асуудалд УИХ өөрөө орсон. Үүгээрээ УИХ-ын гишүүд нийгэмд шударга ёс ярих хэрэггүй болсон. Энэ нь асар их сөрөг үр дагавартай. Бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлээд, үнэн худлыг нь тогтоосны дараа иргэний ёсоор асуудалд хандаж, эргээд эрхээ сэргээгээд ороод ирэх чин зоригтой гишүүн алга. Эрхийг нь түдгэлзүүлээгүй нь буруу.  Дараа асуудал орж ирвэл түдгэлзүүлэх байр суурин дээр хатуу зогсоно.

-Ярилцлагын сэдвээ өөрчлөе. Өнгөрсөн онд хувь гишүүний хувьд та ямар хуулийн төслүүд дээр ажилласан бэ. Ажил ихтэй жил байв уу?

-Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Мөн УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, Төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа. Мөн байнгын хорооны шийдвэрээр “Т өрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.

-Үе үеийн Засгийн газар, төр засгийн удирдлагуудын шийдвэрлэх шаардлагатай гол ажлын нэг нь агаарын бохирдол тэр дундаа утаа байсан. Одоо ч байсаар байна. Олон жил утааны асуудлыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Утаанаас салах шийдлийг та хэрхэн харж байгаа вэ?

-Агаарын бохирдолтой тэмцэхэд нэг удаагийн бодлого хэрэггүй, үр дүнгээ өгөхгүй л дээ. Бусад орны туршлагаас харахад, жишээлбэл, БНХАУ агаарын бохирдлоо бууруулахын тулд гурван институт байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, асуудалд шинжлэх ухаанчаар хандахын тулд агаарын бохирдолтой холбоотой асуудлыг энэ гурван байгууллагын санал зөвлөмж, үр дүн дээр суурилж шийдвэр гаргана гэсэн үг. Гэтэл бид шинжлэх ухаанчаар тууштай, шинжлэх ухааны байгууллагаа дэмжин асуудалд хамтарч чадаж байна уу. Бидний хөгжилд чөдөр болж буй асуудал энэ л байна. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, татварын болон төсөв санхүүгийн бодит дэмжлэг, хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлүүлэх, хууль эрх зүйн болон бусад эрх мэдлийг олгох, зохицуулалтыг бодитой хийх, бодлоготой зохион байгуулалттайгаар хөдөөд жижиг, дунд үйлдвэрлэлийг байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг нь бий болгох гээд олон тулгамдсан асуудлыг шийдэх ёстой. Би дахиад л хэлье. Өнөөдөр орон нутагт бизнесийг хөгжүүлэхийн тулд их сургуультай хамтран ажиллах, асуудалд шинжлэх ухаанчаар хандах чухал байна. Тэгж байж агаарын бохирдол төдийгүй хөгжилд бодитой хандаж чадна.

-Та уул уурхайн гол бүс нутгаас сонгогдсон. Гишүүн болсныхоо дараахан уул уур-хайг төрөөс хэтэрхий хараат байгааг шүүмжилж байсан. Тиймээс ч гишүүдтэй хамтарч Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулсан. Лобби бүлэг идэвхтэй ажиллаж чадаж байна уу?

-Уул уурхай салбар нь орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжил, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэм-рээ оруулах, бидний хамтын ажиллагаанаас шалтгаалж ард иргэдийн хөгжлийн бодлогод ихээхэн хувь нэмэр оруулах учиртай. Иймээс лобби бүлэгт орон ажиллаж хариуцлагатай уул уурхайн хөгжлийн асуудалд анхаарч ажиллаж байна. Уул уурхайн төслүүд эдийн засагт хувь нэмэр их байгаа ч олборлолт хийгдэж байгаа орон нутагт сөргөөр нөлөөлдөг ба уг төслийн үйл ажиллагаанаас үүсэж буй байгаль орчны нөлөөлөл, үйлдвэрлэлийн зориулалттай усны нөөц, гүний усны хэрэглээ, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө-тэй уялдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа зэрэг асуудал тулгамдаж байна.

-Уул уурхайг төрөөс хараат бус болгох боломж хэр байна вэ?

-Бизнесийн зарчмаараа явах ёстой. Гол нь нутгийн ард иргэдийн амгалан тайван амьдралд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа учраас иргэд төрөөр дамжуулж үг дуу хоолой, санал бодлоо илэрхийлж, хуулийн хүрээнд ажиллах шаардлага тавиад байгаа юм. Төрийн оролцоог энэ гэж харж байгаа. Хариуцлагыг чангатгах, хуульд захирагдах, нийгмийн хариуцлагыг сайжруулах, иргэдийн дуу хоолойг сонсож нутгийн иргэдийн төлөө гэсэн бодлого, хөгжил дутагдаад байгаад асуудлын гол учир оршиж байна. Уул уурхай эрхэлж ашиг олж байгаа бизнесийнхэн нутгийн иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, байгаль орчинд ээлтэй, ажлын байраар хангасан, ханган нийлүүлэлтийн бодлого нь тодорхой, нийгмийн хахариуцлагатай байх нь л чухал байна.

Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш