Ц.Даваасүрэн 2019.01.29 | Өдрийн сонин

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарын алдагдлыг үнэ нэмж шийдэхээс өөр аргагүй

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарын алдагдлыг үнэ нэмж шийдэхээс өөр аргагүй
Өдрийн сонин, 2019.01.25 өдөр

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Утааг бууруулахад танай яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Цахилгаан халаагуур ашиглах асуудал бий. Энэ хүрээнд бид 42 мянган айлд дөрвөн киловаттын халаагуур залгах боломжийг бүрдүүлэх ажил эхлүүлсэн. Энэ ажил дуусч байгаа. Тиймээс айлууд цахилгаан халаагуур ашиглах боломжтой. 20-30 мегаваттын өсөлт гарсан нь айлууд халаагуур хэрэглэж эхэлсэнтэй холбоотой гэж үзсэн. Хоёр дахь асуудал нь бид түлшний асуудлыг хариуцдаг. Энэ оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнийг орлох шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Ашиглалтад оруулсан шугам маань жилдээ 250 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Ирэх аравдугаар сарын 1 гэхэд долоон мянган тонн шахмал түлш бэлдсэн байх ёстой. Энэ ажил эхэлсэн. Нэмээд дөрөв, таван шугам тавина. Тэгэхээр сардаа 40, 50 мянган тонныг үйлдвэрлэдэг болно.

-Үнийн хувьд ямар байх вэ?

-Түүхий нүүрсний үнээс ихгуй байна. Эрэлт өндөр байгаа. Яагаад гэвэл түүхий нүүрсээс хоёр дахин бага шахмал түлш хэрэглэж байгаа юм. Мөн лабораторийн аргаар үзэхэд агаарын бохирдол 70 хувиар буурсан. Улаанбаатарын агаарын бохирдлыг ирэх онд 50 хувь бууруулна гэж үзсэн. Бид энэ сайжруулсан шахмал түлшээ нөөцлөөд эхэлчихсэн.

-Эрчим хүчний компаниуд алдагдалтай ажилладаг. Энэ жилийн хувьд ямар байв?

-Алдагдал өсөх хандлагатай байгаа. 2015 оноос хойш цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулаагүй. Гэтэл валютын ханшны өсөлт бүх салбарт нөлөөлчихсөн. Нүүрс худалдаж авч байгаа тоног төхөөрөмжийн үнэд нөлөөлсөн. Энэ байдал эргээд эрчим хүчний системд өнгөрсөн онд гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл, та бүхэнд зарж байгаа үнээсээ илүү өртөгөөр цахилгаан үйлдвэрлэж байна. Гэтэл тэр мөнгөө буцааж авч чадахгүй. Эдийн засаг хямралтай, иргэдийн орлого, цалин хөлс нэмэгдээгүй учраас дулаан, цахилгааныхаа үнийг хөдөлгөж чадахгүй.

-Шивээ-Овоо, Багануур уурхайнууд нүүрсний үнэ хямд байгаагаас хүндрэлд ороод байгаа шүү дээ...

-Эрчим хүчний тариф үйлдвэрлэлийн өртгөөсөө хямд учраас алдагдал хүлээж байгаа юм. Энэ хэмжээгээрээ төлбөрийн чадамж алдагдсан. Тэгэхээр авсан нүүрснийхээ төлбөрийгтөлөхөдхэцүү. Иргэд тарифыг хямд байлга гэдэг. Хямд байлгасан хэмжээгээр алдагдал хүлээж байна. Бусад бэлтгэн нийлүүлэгчдэд мөнгөө төлж чадахгүй байдалд орсон.

-Үүн дээр зохицуулалт бий юу?

-Үнээ өсгөх л асуудал. Тэгэхгүй бол тэр мөнгийг улс татаасаар өгч чадахгүй.

-Засгийн газар ордуудаа мэдэлдээ авч байна. Энэ нь хувийн өмчид халдсан хэрэг биш үү. Та Засгийн газрын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хууль бусаар авсан ордуудыг төр буцаан авч байна. Үүнийг ингэж эмхэлж цэгцлэх хэрэгтэй. Эмх замбараагүй олгосон 1000 гаруй ашиглалтын болон хайгуулын лиценз бий. Нэг өдөр улс хоорондын маргаан үүсч болзошгүй. Засгийн газар хоёр дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Энэ хугацаанд нийгэмд хохиролтой нэг ч баялаг ашиглах гэрээ орж ирээгүй.

-Та хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн үү?

-Ирэх долоо хоногтоо багтаад өгөх байх.