С.Эрдэнэ 2019.01.29 | Vip76.mn

С.Эрдэнэ: Ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулъя

Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

“Өнөөдөр М.Энхболд гэж хүн хариуцлага хүлээлээ гээд бүх асуудал сайхан болно гэж бодохгүй байна. Нийгэмд олон асуудал байна. Нэг хүнд хариуцлагаа үүрүүлчээд ард нь энхийн цагаан тагтаа шиг үлдэнэ гэж битгий бод. Эрдэнэтийн 49 хувь, 60 тэрбум гэх мэт олон хууль бус, үйл ойлгогдох асуудлууд байна.

Энэ бүхэн УИХ-ын даргыг огцруулах асуудлын цаана далдлагдаад үлдлээ. Нийгмийн өмнө тулгарсан ханшийн өсөлт, үнийн хөөрөгдөл гэх мэт асуудлууддаа Засгийн газар анхаарч ажлаа хийгээч ээ. Тээг болоод байсан М.Энхболд гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлчихлөө. Одоо ажлаа хийх хэрэгтэй байна.

Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна. Цалин тэтгэвэр нэмлээ л гэнэ. Энэ өсөлтийг чинь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт чинь идчихсэн. Ийм аргацаасан байдлаар цаашаа явах юм уу?

Ерөнхий сайд ярьдаг 3 зүйл л байна.Нефтийн үйлдвэр барьна, цэвэрлэх байгууламжтай болно, Саарал усны асуудлыг шийднэ гээд байгаа ч энэ 3 ажил аль аль нь ч хийж эхлээгүй. Мөрийн хөтөлбөрөөс нь хэрэгжсэн нэг ч ажил алга. Нам дотроо талцаж хуваагдаад төрийн ажилд үүнийгээ хутгаад явж байна.

МАН-ынхан одоо тар аа. 75-уулаа тарж, сонгууль явуулж чаддаг хүмүүст нь зайгаа тавьж өгцгөөе. Ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулах хэрэгтэй.”