Цогзолмаа.Ц 2019.01.29 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: "М.Энхболдыг огцруулчихвал улс орон сайхан болчихно" гэсэн гишүүд энэ үгэндээ хариуцлагатай хандаарай

Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Монгол улсын парламентын 30 -аад жилийн түүхэнд нэгэн шинэ нөхцөл байдал үүссэн байна. Нэг хүнтэй хариуцлага тооцох, парламентын дархлаа гэхээсээ илүүтэйгээр парламентын төлөвшилийг цааш хэрхэн авч явах вэ гэдэг дээр өнөөдрийн асуудал маань сургамж болох байхаа гэж харж байна. Парламент бол хэрхэн улс орноо хөгжүүлэх вэ, ард түмний амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ? гэдэг мэтгэлцээн өрнүүлж, хөгжлийн асуудлыг эрэмбэлж, түүнийгээ дэс дараатай шийдвэрлэж байх ёстой танхим юм.

Харамсалтай нь би сүүлийн 2 сар гаруй хугацаанд улс орны хамаг асуудлыг хойш тавьж, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярилаа. Энэ нь ард түмэнд хүлээлт үүсгэж, иргэдийг зарим талаар айдаст автуулж байна. Тэгэхээр өнөөдөр М.Энхболд даргыг л огцруулчихвал улс орон сайхан болчих юм шиг ярьж байгаа гишүүд цаашид энэ үгэндээ хариуцлагатай хандана гэж найдаж байна. УИХ-ын гишүүн энэ танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг дээр би шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын гишүүн хүн бол үг, үйлдэл дээрээ зөрөхгүй байх ёстой л гэж хувьдаа үздэг.