Энхболд.М 2019.01.29 | Vip76.mn

М.Энхболд: Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, Улсын Их Хуралд нэрийг нь дэвшүүлж байсан

М.Энхболд: Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, Улсын Их Хуралд нэрийг нь дэвшүүлж байсан

Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, 43 гишүүний саналаар түүнийг огцрууллаа. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна. 

Энэ явдал хэзээнээс эхэлсэн, хэн юу ярьсан, хэн хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн гээд энэ бүх үйл явдал, өнгөрсөн хугацаанд болсон бүхэн Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байна.

Энэ удаа би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг баримталсан. Өргөдлөө өөрөө өгөхөд ч бодит шалтгаан, үндэслэл байх ёстой. Надад ийм зүйл байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй.

Миний хувьд, удирдаж байсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж дүгнэнэ.

Хорь гаруй жилийн хугацаанд болсон бүх буруу муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг Та бүхэн үзүүллээ.

Хэн нэгнийг алдаршуулж, ард түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд бий болоод байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг бүгдийг нь шийднэ гэдэг ийм дүр зураг үзүүлэхэд намайг харлуулах, намайг муучлах шаардлага байсан байж магадгүй.

Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байв даа гэж бодогдох үе ч надад байдаг. Би тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ заримдаа уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч байсан шүү. 

Монголын төрд захирах, тулгах, дарангуйлах, өөрийн хүслээр бүгдийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна.

МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтартай хүн шүү. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан нөхөр Л.Болд жагсаал цуглаан удирдаад явна.

Засгийн газартаа өнөөдрийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Харамсалтай нь тэд МАНАН-гүй Засгийн газарт орж ажиллан, 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тохоож, надаас салах гэж гарын үсэг зурсанд харамсаж байна.

Тэр үед МАНАН-гийн тухай “Та МАНАН-гийн толгойлогч” гэж надад хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна. 

 “Шударга бусын хонгил” гэдэг энэ үгийг бий болгож гаргасан хүн нь өнөөдөр өөрөө Төрийн ордонд Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын талаар “Чи хоёр гурван зүйлийг ярьж, хэлж буруутгаач” гэж Улсын Их Хурлын гишүүдэд ятгаж, шахаж, шаардаж яваа юм. Тэгэхээр “Шударга бусын хонгил” гэдэг зүйл өнөөдөр шударга бус зүйлийг хийсэн хүмүүсийн халхавч, хоргодох байр нь болж байсан гэж үзэж байна. 

“60 тэрбумын” хэрэг гэж хоёр жил гаруй ярилаа. Энд хуулийн хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч шалгаж байна. Цаашдаа би энэ асуудлыг ургийн модоо зурж, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдож байсныгаа ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа.

Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, Улсын Их Хуралд нэрийг нь дэвшүүлж байсан.

“Төр их бат, ёс их хүнд” гэж буурлуудын захиасаар үгээ өндөрлөе. Ёс их хүнд гэдэг нь хүнд суртлыг хэлээгүй юм. Ёсоо дагаж, ёс жаягаа дагаж төр улсын ажлыг хийж, гүйцэлдүүлж яваарай гэсэн буурлуудын маань захиас үг юм шүү. 

Ийнхүү үг хэлснийхээ дараа нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тамгыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өгөв.