Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов
2019.01.29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.01.29) хуралдаан 14 цаг 53 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэллээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээллийг сонслоо. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох албан тушаалтнууд оролцов.

    Салбарын сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг хөнгөлөх талаар авсан арга хэмжээг тодруулахын зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хэмжээ болон, цаашлаад тус сангийн зээлд хамруулах иргэдийн тоог  нэмэгдүүлэх эсэхийг илүүтэй тодруулж байлаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариултдаа, Өмнөх Засгийн газрын үед ахмад настны тэтгэврийн 6 сар хүртлэх зээлийн хүү 18 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоны дараа тэрхүү 6 сарын хугацаатай зээлийн  хугацааг нэг жил болгож, хүүг 12 хувь болгосон. Энэ оны 01 дүгээр сарын 16-наас  эхлэн жилийн хугацаатай зээлийн хүүг 10  хувь болгосныг онцлохын зэрэгцээ цаашдаа ахмад настны тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг дурдаад  өнгөрсөн гурван жилийн дунджаар ахмад настны тэтгэвэр 75 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа.

Мөн тэрбээр, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас  жижиг аж ахуйн нэгжид 20 хүртлэх сая төгрөг, иргэнд 10 сая төгрөгийг, ур чадварт түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 3-5 сая төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд 3 жилийн хугацаатай, хүүгүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгтэй гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.