Ц.Нямдорж 2019.01.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.01.29) хуралдаан 16 цаг 35 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр, Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн. Тус төвийг байгуулах төслийг БНСУ-аас тавьсан шаардлагын дагуу 9 үе шаттайгаар боловсруулж, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн хамт солонгосын талд хүргүүлсэн бөгөөд “Эксим” банкнаас “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах төслийн төсөвт өртөг болох 9.5 сая ам.долларыг 16.148.051 сая ам.доллар болгох санал ирүүлснийг 10.450.000 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг манай тал солонгосын талд дахин хүргүүлээд байна.

Гэвч “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар асуулт асууж, тодруулга авсаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал хураалгахад гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсан юм. Ингээд Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.