Оюунхорол.Д Саранчимэг.Б Цогзолмаа.Ц Ундраа.А Н.Амарзаяа 2019.01.30 | Vip76.mn

УИХ-ын эмэгтэй гишүүд хавдрын өвчлөлийн нөхцөл байдлын талаар асуулга тавьжээ

УИХ-ын эмэгтэй гишүүд хавдрын өвчлөлийн нөхцөл байдлын талаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, А.Ундраа, Ц.Цогзолмаа нар хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ. 

Монгол Улсын хувьд 2017 оны байдлаар хүн амын нийт нас баралтын 25.6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж, энэ нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна. 2017 оны статистикаар жилд 6000 хүн шинээр оношлогдож, 18 мянган хүн хорт хавдартай гэдэг оноштойгоор эмчлэгдэж, хянагдаж байгаагаас жилд 4000 хүн нас барж байна. Хорт хавдрын өвчлөлийн 75 гаруй хувийг элэг, ходоод, уушиг, умайн хүзүү, улаан хоолойн хавдар эзэлж, элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид тэргүүлж байгаа аж.

Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд хавдрын өвчлөлийн нөхцөл байдлын талаар, цаашид сайжруулахад анхааран ажиллах үүднээс дараах асуулга тавьжээ. Үүнд: 

  1. Салбарын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар
  2. Хорт хавдрын эрт илрүүлэлт, үзлэгийн цар хүрээг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг талаар
  3. Хорт хавдрын эмчилгээний чанар, хүчин чадал, хүртээмж, төсөв санхүүгийн талаар
  4. Хүний нөөц, цалин урамшуулал, ажиллах орчны талаар
  5. Эмнэлгийн тоног төхөөрөмж, байр талбайн хүртээмж, чанарын талаар асуулганд дэлгэрэнгүй хариулт ирүүлэхийг хүсчээ.