Эрдэнэ.С 2019.01.30 | TМ

"Хариуцлагатай нийгмийн төлөө" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ

-Дараагийн УИХ-ын дарга хэн байвал тохиромжтой гэж харж байгаа вэ?

С.Эрдэнэ: Энэ 64 дотор УИХ-ын дарга хийх хүн байхгүй гэж бодож байгаа. Энэ дотор цэвэрхэн нэг ч хүн байхгүй. Өмнөх 32-ын бүлгүүд концесст холбогдсон, хууль бус үйлдлүүд хийсэн. Мөн ЖДҮ-д бараг 26, 27 хүн холбогдсон гэж дуулдаж байна лээ. Иргэдийн боломжийг хулгайлж, тэр мөнгөөрөө мөнгө хүүлсэн гээд байгаа. Энэ мэт эрүүгийн шинж чанартай маш олон үйлдлүүд хийсэн. Дахиад ухвал өшөө юм гарна л даа. Ний нуугүй хэлэхэд одоо аль нэг бүлэглэлийн л хүн гарч ирнэ. Их хурлын даргын суудал руу улайраад байгаа юм уу, эсвэл Их хурлын дарга болчихоод АТГ, УЕП-ын даргыг томилох эрхийн төлөө яваад байна уу. Магадгүй шударга бусын хонгил гэж байдаг бол түүнийг нурааж шинэ хонгилын эзэн болох гэсэн улс төрийн тэмцэл яваад байна л гэж харж байна. Түүнээс Их хурлын дарга огцронгуут ам.долларын ханш, бензиний үнэ, өргөн хэрэглээний үнэ буурч, улс орны амьдрал сайжирна гэж харахгүй байна. Зүгээр л улс төрийн тэмцэл өрнөж байна. Тэр дундаа эрх мэдлийн төлөөх бохир улс төр явж байна.