Энхболд.Н 2019.01.30 | Vip76.mn

Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг дэмжив

Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.30)  хуралдаанаар  Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гадаадын этгээд оролцсон буюу өөр улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх шаардлага гарахад олон улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа нь шүүх засаглал, шударга ёсыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгааг сайд илтгэлдээ дурдав.

Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, хоёр тал гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулжээ.

Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Төслийг Байнгын хорооны гишүүд дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.