Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Д.Дуламд хүндэт өргөмжлөл гардуулав
2019.01.30

Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Д.Дуламд хүндэт өргөмжлөл гардуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан Д.Дуламд өнөөдөр хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөг гардууллаа.

Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан байна.

Шагнал гардуулах ёслолын үеэр, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Монгол Улс ЮНЕСКО-гоос 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид нэгдэж, үндэснийхээ соёлын биет бус өвийг бүртгүүлж, хадгалж, хамгаалах ажиллагааг эрчимтэй зохион байгуулсаар ирсэн. Уртын дуугаа 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн. Энэхүү гайхалтай соёлыг өвлөн ард түмэндээ хүндлэгдэн дээдлэгдсэн азай буурал Таны цаашдын уран бүтээл, хойч үеэ сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд амжилт хүсэж, эрүүл энх, урт удаан наслан, уртын сайхан дуугаараа ард түмнийхээ сэтгэл оюуныг цэнгүүлж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе" гэлээ.

Мөн Монголын үндэсний соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Д.Дулам, "Уртын дуугаа үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэхийн төлөө хичээх болно. Монголын төр өв соёлоо ингэж дээдэлж, хүндэтгэж байгааг хараад хүүхдүүд ч уртын дуугаа дуулах сонирхолтой болох байх" хэмээв.

Доржийн Дулам 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, бага наснаас ээжээрээ уртын дуу заалгажээ. Ард олны дунд “Дөмөн” Дулмаа нэрээр алдартай бөгөөд “Дөмөн” уртын дууг эмэгтэй хүний хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн дуулдгаараа гайхагдсан нэгэн юм. Тэрээр Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан ардын авьяастан юм.