Ж.Энхбаяр: УИХ-ын шинэ даргыг маргааш томилно
2019.01.30

Ж.Энхбаяр: УИХ-ын шинэ даргыг маргааш томилно

УИХ-ын шинэ даргыг маргааш томилох юм байна. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын шинэ даргын нэрийг тодруулж, намын бүлэгтээ нэр дэвшигчийг танилцуулах аж. Улмаар УИХ-ын дараагийн даргын нэрийг УИХ-д өргөн мэдүүлснээр маргаашдаа багтаан хэлэлцэн, томилох юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

-УИХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэзээ намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх вэ?

-УИХ-ын даргыг Их хуралд олонх болсон нам дэвшүүлнэ. Энэ зарчмын дагуу МАН-ын дарга Удирдах зөвлөлд асуудал оруулна. Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын бүлэгт нэр дэвшигчийг танилцуулна.

-Та хувьдаа ямар шаардлага хангасан хүн УИХ-ын даргаар томилох ёстой гэж бодож байна вэ?

-Монгол Улс парламентын засаглалтай. Тэгэхээр парламентын үйл ажиллагааг удирдаж, зохицуулж явах хүн ажил, амьдралын арвин туршлагатай, төрийн албаар нэлээд сайн дамжсан, улс төрийн үйл явцыг сайн ойлгодог, Монгол Улсын гадаад дотоод нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадвартай, улс орныхоо гадаад бодлогын асуудлыг ойлгодог, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах, үндэсний язгуур эрх ашгийг ойлгож мэдэрдэг, хамгийн гол нь УИХ-ын үйл ажиллагааг нийгмийн хүсээд байгаа үйл явц руу чиглүүлж, УИХ-ын манлайллыг бий болгох чадвартай хүн хэрэгтэй. МАН-ын 64 гишүүн УИХ-д байна. Энэ дотроос УИХ-ын үйл ажиллагааг удирдаад аваад явчих хэмжээний бэлтгэгдсэн, төрийн, улс төрийн ажлын туршлагатай, олон түмний итгэлийг хүлээж олон удаа сонгогдож, нийгмээс дэмжлэг авсан, чадвартай хүмүүс олон бий. Эдгээрээс хэнийг сонгохыг нам шийднэ.

-Таны нэр УИХ-ын дараагийн даргад яригдаж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэрвээ танд санал тавивал та Их хурлын дарга болох уу?

-Энэ асуудлыг нам шийднэ. Санал солилцож байгаа.

-Нэг бус хүний нэр гараад байгаа. Танай нам дотор хэдэн хүний нэр яригдаж байгаа бол?

-Нам бодлогоо гаргаж УИХ-д танилцуулдаг. Нам боловсон хүчний бодлогын хүрээнд энэ асуудлаар уулзаж, санал солилцож байгаа.

-Чуулган завсарлахаас өмнө УИХ-ын даргыг томилж амжих уу?

-Амжина. Маргааш гэхэд УИХ-ын шинэ даргыг томилох байх гэж бодож байна.