Цогзолмаа.Ц 2019.01.30 | Sonin.mn

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ээж хүү хоёрыг байртай болгожээ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ээж хүү хоёрыг байртай болгожээ

Энэ бүсгүйг С.Шүрэнцэцэг гэнэ. Соёлын салбарт 14 жил ажилласан тэрээр сайн дурын "Үйлст Бор-Өндөр" гэх ТББ ажиллуулдаг. Одоогоос зургаан жилийн өмнө түүний хүүд тархины саажилт, уналт таталт илэрч, хөдөө орон нутгаас хотод суурьшжээ.

Тэрээр хүүгийнхээ төлөө хийж болох бүхнийг зориглон хийж, мэргэжлийн сэргээн засах эмчилгээнд тасралтгүй хамруулж, хүүгээ хөгжүүлэх боломжтой цэцэрлэг, сургууль элэрхийлсээр ирсэн. Үе тэнгийнхэнтэйгээ зэрэгцээд гүйхийг туйлаас их хүсч мөрөөдөх хүүгийнхээ сэтгэлийг эх хүн тайлан уншиж, хайрт үрийнхээ төлөө шантралгүй тэмцсээр байгаа. С.Шүрэнцэцэгт сэтгэлийн дэм өгөх, туслах иргэд цөөнгүй байгаа бөгөөд хандив тусламжийг өдий хүртэл харамгүй хайрласаар байгаа юм.
Сар шинийн баярын босгон дээр ээж хүү хоёрт нэгэн баярт үйл явдал тохиолджээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүний соёлын салбарт ажилласан хичээл зүгтэлийг нь хүндэтгэн нийслэл хотод амьдрах байраар хангажээ. С.Шүрэнцэцэг энэ үйлсэд талархан өөрийн нүүр хуудсаар дамжуулан БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа болон түүний хүүд тусалж дэмжиж ирсэн хүмүүс болоод Монголын нийт эцэг эх, алаг үрсдээ баярлаж байгаагаа мэдэгдсэн байна.
 

Тэрээр

"Одоо бүх зүйл надаас шалтгаална. Үлдсэн амьдралын минь утга учир болсон хөөрхөн хүүгээ шаардлагатай бүхэнд хамруулж, мөн хүрээ газар өөртөө таарсан ажил хийж, үр хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа дэнхийтэл үүрээд зүтгэж өгнө дөө. Зүсээ харан танилцаж амжаагүй ч зүрх сэтгэлд хөндүүрлэн санааширч явсан мөрөөдлийг биелүүлж, хорвоод ороогдсон балчир үрийн минь цаашид хөгжих, эрүүл байх үүд хаалгыг цэлийтэл нээж өгсөн сайхан сэтгэлт эмэгтэй, Монголын нэгэн бахархалт ээж, төрийн ухамсарт түшээ Ц.Цогзолмаа танд болон охиноо төр түшилцэж түмэн олноо манлайлах чадварлаг бүсгүй болгож өсгөж хүмүүжүүлсэн аав ээж нутгийн зон олон, УИХ-д итгэл үзүүлэн сонгосон сонгогчдод нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг дахин дахин хүсэн ерөөе. Цаг мөч бүхэнд сэтгэл зүрхээрээ хамт байж зовлон жаргалаа хуваалцаж, ээж хүү хоёрт урмын үгээ хэлж, урагшлах хүч нэмдэг найз нөхөд та бүхэндээ хайртай шүү бидэн хоёр" хэмээжээ.